Нийслэлийн Сүхбаатар дүүргийн I хороо, Хуримын ордны урд, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хойно барьж буй “Шангрилла Улаанбаатар” зочид буудлын барилга өнөөдөр 13.00 цагийн орчимд шатлаа. Онцгой байдлын зургаан машин, 40 гал сөнөөгч шуурхай ажиллаж, галыг 15.00 цагт бүрэн унтраасан юм. Тэд “Барилгын гаднах фасад нь шатсан. Одоогийн байдлаар гал гарсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байна” гэснээс өөр мэдээлэл өгсөнгүй.
Биднийг 13.40 цагт очиход гал ид дүрэлзэж, ойр орчмын замын хөдөлгөөнийг хязгаарлаж, түймэр гарсан бүс рүү хэнийг ч оруулахгүй байв. Хүмүүсийн ярьж буйгаар бол гал ойролцоогоор 10 дугаар давхраас гарсан гэнэ. Эхэндээ дотроос нь утаа уугьж байгаад аажмаар цонх нь халан хагарч, гал гадагш тархжээ. Гадаа салхигүй тогтуун байсан ч гал хурдан тархаж, дээврээр дамжин нөгөө хэсэгтээ хүрсэн. Хэдийгээр Онцгой байдлынхан шуурхай ажиллаж галыг унтраасан ч өчигдрийн үйл явдал тэдний техник хэрэгслийг шалгаад авна лээ. Учир нь сунадаг шат нь 12 дугаар давхарт хүрээд сунахаа больсон тул гал сөнөөгчид тэр хавийн галыг арайхийн унтраав. Түүнээс дээших давхруудад хүрч очих ямар ч боломжгүй, фасад шатаж дуусаад аяандаа унтарсан. Сүүлийн үед барьж буй барилгууд улам л тэнгэр баганадах болсон. Муугаар бодоход эдгээр барилгад гал гарлаа гэж бодоход онцгойгийнхон яах билээ. Тэдний техник хэрэгслийг нэмэгдүүлэх, сайжруулах, цаашлаад онгоцтой болгох шаардлагатайг өчигдөр гарсан гал харууллаа.
Дотоодын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулах, олон улсын өндөр зэрэглэлийн сүлжээ зочид буудлын Монгол дахь салбар болж буй “Шангрилла Улаанбаатар” нь 24 давхар хоёр цамхагаас бүрдэж буй. Зочид буудлын барилгыг MCS компани гүйцэтгэж байгаа юм байна. 500 сая ам.долларын хөрөнгө оруулалттай, 24 давхар, 275 өрөөтэй тус барилгыг энэ онд багтаан ашиглалтад өгөх гэж байсан аж.
О.Бат-Ундрах