Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн эдийн засгийн хөгжлийн газар хамтран, нийслэлийн оршин суугчдын амьдрах орчныг сайжруулах, хэрэгцээ шаардлагыг гаргасан хорооны зурагласан мэдээллийг захын гурав, төвийн зургаан дүүргийн 65 хороонд хийлээ. Зураглал хийсэн техникийн багийн ажил дуусаж, нийслэлийн хороодод амьдрах орчны зураглалыг 59.4х84.1 хэмжээтэйгээр хэвлүүлжээ. Иргэдийн оролцоотой хийсэн амьдрах орчны зураглалд авто замын сүлжээ торон гарц гаргах боломжит газар, авто машины ил зогсоол, гудамжны гэрэлтүүлэг, үерийн ус тогтдог бүс, хогийн цэг, сул шороон хөрстэй газар, байрнуудын дундах тоглоомын талбай, зам тээврийн осол, гэмт хэрэг их гардаг цэгүүдийг тэмдэглэсэн аж. Энэхүү зураглалд үндэслэн нийтийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах ажил, иргэдийн амьдралд нөлөөлөх төлөвлөлт хийх боломжтой.
Өнгөрсөн жил Азийн сантай хамтран 87 хороонд хийсэн газрын зураглалын үр дүнд 2014 оны төсөвт 11 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, бие даасан есөн цэцэрлэгийн байгууламж барихаар хөрөнгө суулгасан. Эдгээр барилгын ажлуудыг төлөвлөгөөний дагуу барьж байгаа аж.