Автомашин хуваарилах тухай Эрүүл мэндийн сайдын энэ оны 322 дугаар тушаалын дагуу өнөөдөр таван аймгийн Нэгдсэн эмнэлэг, БОЭТ-д түргэний автомашин хүлээлгэн өглөө. Нийт 338.5 сая төгрөгийн өртөг бүхий JAC-HFC6500KR3T маркийн автомашинуудыг Дорнод аймгийн БОЭТ, Хөвсгөл, Баян-Өлгий, Булган, Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт тус тус хуваарилсан юм. Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн болон түргэн тусламжын төвүүдийг орчин үеийн тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангахаар тусгасан. Тоног төхөөрөмж, түргэн тусламжийн сүлжээний хөрөнгө оруулалтыг 2016 он гэхэд тав дахин нэмэгдүүлнэ. Өнөөдөр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нийт 1101 автомашин ашиглаж байна” гэж ярилаа.
ЭМЯ өнгөрсөн онд хот, хөдөөгийн эрүүл мэндийн 34 байгууллагад 876.3 сая төгрөгийн өртөг бүхий 42 автомашин олгосон. Харин энэ онд түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлд 800.0 сая төгрөг төсөвлөөд буй. Эхний ээлжинд 461.5 сая төгрөгөөр “Хантер” маркийн 13 автомашин эрүүл мэндийн байгууллагад нийлүүлсэн юм.
Д.Анир