Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун-ыг нас барсан гэх мэдээлэл цахим ертөнцөд шуугиан тариад байгаа. Тэгвэл Солонгос улсын “Чосон ильбо” сонинд түүнийг есдүгээр сарын дундуур хоёр хөлийн шагайндаа мэс засал хийлгэсэн бөгөөд одоо Пхеньяний эмнэлэгт хэвтэж байгаа тухай бичжээ.
“Чосон ильбо” сонины мэдээлж буйгаар, Умард Солонгосын удирдагч намын өндөр албал тушаалтнуудын хэвтэн эмчлүүлдэг нийслэл хотын “Bonghwa Clinic” эмнэлэгт нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа гэнэ.
Есдүгээр сарын 3-нд Пхеньянд концерт үзсэнийхээ дараа Ким жөн ун олны өмнө гараагүй гэж Өмнөд Солонгосын зарим хэвлэлд мэдээлсэн боло өмнөх арга хэмжээнүүдийн дүрс бичлэгүүд Умард Солонгосын удирдагчийг өвчтэй байж магадгүй гэдгийг харуулж байна хэмээн Ассошиэйтед Пресс агентлаг мэдээлсэн байна.
Пхеньянд болсон ээлжит арга хэмжээний үеэр Умард Солонгосын удирдагч илэрхий доголж байсан гэж Өрнөдийн хэвлэлүүд мөн мэдээлсэн ажээ. Түүнчлэн эрүүл мэндийг асуудлаас гадна цэргийн дээд албан тушаалын түшмэлүүдийн “эрх мэдлийн төлөөх тэмцэл үргэлжилж байгаа” энэ үед Пхеньянд байдал тогтворгүй байгаа нь удирдагч олны өмнө гарахаас түр зайлсхийх шалтгаан байж магадгүй гэж олон улсын шинжээчид үзэж байгаа юм байна.