МУИС-ийн бүтцийн шинэчлэлтэй холбоотойгоор олон асуудал үүсэж, элдэв маргаан жил тойрон дэгдлээ. Өнгөрсөн жил төгсөх дамжааны оюутнууд эсэргүүцэл үзүүлэн, суулт хийж байсан бол өчигдөр МУИС-ийн Багш нарын холбоо, сургуулийнхаа захирал А.Галтбаярыг огцрохыг шаардаж, олон нийтэд хандсан бөгөөд оюутнууд мөн эсэргүүцлээ илэрхийлэн жагслаа. Нэгдүгээр дамжааны оюутнуудын сургалтын хөтөлбөрийг одоо хүртэл батлаагүй, оюутнууд нь 70 гаруй хичээлээс ямар хичээл сонгохоо мэдэхгүй, дурын хичээлийг сонгосноос болж төгсөх үедээ өрөнд ордог. Тодруулбал, оюутнууд монголын түүх, монгол хэл зэрэг арван жилд үзсэн хичээлийг дахин үзэж кредитийн мөнгө илүү төлж байна. “Сиси” системээс болж олон оюутан хохирч байгаа гэнэ. Мөн төсвийн зарцуулалт нээлттэй бус, нэг тэрбум төгрөгийг хэрхэн яаж зарцуулсан нь тодорхойгүй байна хэмээн үзэж байгаа аж.
Энэ талаар МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны сургуулын нэгдүгээр дамжааны оюутан Б.Дөлгөөнөөс асуулаа.
-Танай сургуулийн багш нар өнөөдөр олон нийтэд хандсан.нэгдүгээр дамжааны оюутнууд олон хичээлээс ямар хичээлээ сонгохоо мэдэхгүй байгаа гэсэн?
-Харьяа сургуулиудаас тус бүр нэг нэг хичээл сонго гэсэн байсан. Би арван найман кредит бүхий хичээл сонгосон. Манай сургууль заавал сонго гэж заагаагүй.
-Энэ нь сүүлд чамд ямар нэгэн хохиролтой биш үү?
-Сайн мэдэхгүй байна. Ямартай ч 18 кредитийн хичээл сонгосон байгаа.
Энэ мэтчилэн нэгдүгээр дамжааны оюутнууд одоо хүртэл учраа олохгүй, заагдсан кредитдээ тохирсон хичээлийг сонгочихоод байгааг ярьж байв.
Энэ талаар МУИС-ийн захирал доктор А.Галтбаяраас тодруулллаа

-Танай сургуулийн багш нарын холбоо өчигдөр эсэргүүцэл зарлаж, энэ тухайгаа олон нийтэд зарласан. Таныг огцруулах хүсэлтийг удаа дараа ирүүлсэн гэсэн. Та ямар байр суурьтай байгаа вэ?
-Ер нь яагаад ийм үйл ажиллагаа зохион байгуулаад байна гэхээр өнөөдөр удирдах зөвлөлийн хурал болох гэж байна. Түүний өмнө л МУИС-ийн бүх юм болохгүй байна гэсэн мэдээллийг олон нийтэд өгөх зохион байгуулалттай ажиллагаа гэдгийг хэлмээр байна. Оюутны холбоо жагсаж, Багш нарын холбоо мэдэгдэл хийж байна. Нодинонгоос хойш намайг их гүтгэж байгаа. Ийм ажил байна гэж надтай хэзээ ч ярьдаггүй мөртлөө олон нийт рүү хандсан пи ар хийж байна.
-Нэгдүгээр дамжааны оюутнуудын сургалтын хөтөлбөр одоо хүртэл батлагаагүй байгаа гэсэн?
-Энэ жил анх удаа шинэ бүтцийн хүрээнд оюутнуудаа авсан. Элсэлт өөр зарчмаар явсан. Өөрөөр хэлбэл, оюутнууд эхний жилүүдэд нарийн мэргэжлээр орохоо больсон.Нэгдүгээр дамжаанд ерөнхий мэргэжлийн хичээл үзнэ. Тэр хөтөлбөрийг өмнө нь Боловрол Шинжлэх ухааны яам баталдаг байсан бол өнгөрсөн оны долоон сараас хөтөлбөрийн хорооны дотоод хурлаар хэлэлцээд хөтөлбөрөө баталдаг болж, Их сургуулийн дотоод асуудал болсон. Бид өмнө нь ерөнхий суурийн 20-н хичээл санал болгодог байсан бол энэ жил 90 хичээл болсон. Үүний дараа мэргэжлийн хичээл орно. Бүгд батлагдаад бэлэн болчихсон, оюутнууд сонгоод явж байгаа. Хөтөлбөр уян хатан болсон. Сайжруулах шаардагатай таван хичээл байгаа, , үлдсэн 65 нь батлагдчихсан. Үүнийг аравдугаар сард шийднэ.
-Энэ олон хичээлээс хүүхдүүд дурын хичээлийг сонгоход тэдэнд ямар нэгэн хохирол байхгүй юу?
- Нэгдүгээр дамжаандаа 30 кредитэд багтааж дурын хичээлээ сонгоно. Тэр хүн Олон Улсын харилцаагаар явна гэвэл өөртөө хэрэгтэй хичээлээ сонгож байгаа. Тиймээс энэ хөтөлбөр батлагдсан учраас ямар нэг хүндрэл гарахгүй. Харин буруу сонголт хийгээд, дараа нь өөр хичээл сонгосон бол тухайн оюутны үүсгэсэн асуудал.
.-Оюутнуудын зүгээс шалтгаалах зүйл юу байна вэ?
-Оюутнуудын зүгээс дотуур байрны асуудлыг тавьж байгаа. Бид дотуур байранд орох хүсэлтэй бүх оюутнаа оруулсан. Энэ жилээс анх удаа магистр, доктороор сурч буй оюутнуудаа хүртэл дотуур байранд оруулсан. Ингээд цаана нь 200 орчим ор үлдсэн. Мөн нэг өрөөнд дөрвөөрөө амьдардаг оюутнуудыг гурав болгохоор шийдсэн.
М.Болорцэцэг