Нийслэлд хүний амь нас эрсэдсэн зам тээврийн осол өдөр алгасахгүй шахам гарч байна. Ялангуяа цас орсон, замд халтиргаа үүссэн энэ үед зам тээврийн ноцтой осол гарчээ. Нийслэлийн Замын цагдаагийн газрын Шуурхай удирдлага, мэдээллийн төвд гэхэд зам тээврийн осолтой холбоотой дуудлага өнгөрсөн амралтын өдрүүдэд 770 ирсэн нь жирийн өдрүүдээс хоёр дахин илүү гэсэн үг. Мөн замын арчлалт хариуцсан байгууллагууд элс давсаа нөөцлөөгүй, бэлэн байдал нь муу байсан зэрэг нь зам тээврийн осол, хэрэг гарахад нөлөөлжээ.Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг, “Хөсөг трейд” компанийн хажуугийн замд суудлын дөрвөн автомашин мөргөлджээ. Үүний улмаас 51 настай хүн газар дээрээ нас барж, гурван хүн хүнд гэмтэн ГССҮТ-д эмчлүүлж байгаа аж. Ослын зураг, бичлэгээс үзэхэд хурд хэтрүүлж, урсгал сөрсөн, сөрөг хөдөлгөөнтэй замд гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс уг осол гарчээ хэмээн урьдчилсан байдлаар дүгнэж буй гэнэ.