Г.Номин-Эрдэнэ охин долоон настай. Харамсалтай нь охин таван настай байхдаа өрөөсөн гаргүй болж, бяцхан биедээ ахадсан өвчин, шаналал мэдэрчээ. Сургуульд явж, бусадтай л ижилхэн тоглож наадахыг хүсдэг түүний мөрөөдлийн даль жигүүр хугарахыг томчууд зүгээр харж суухыг хүссэнгүй. ЭХЭМҮТ-ийн АЭСТ-ийн эрхлэгч О.Солонго, “Монгол гэр бүлийн тогтвортой хөгжил нийгэмлэг”, Италийн соёлын төвөөр дамжуулан Г.Номин-Эрдэнэ охины тухай Италийн Виченца хотын “SOS bambini International adoption” байгууллагад мэдээлснээр охинд хиймэл гар хийж өгөхөөр болсон түүхтэй. Түүнийг таван настай байхад анхны хиймэл гарыг нь хийсэн аж. Хоёр жилийн өмнө хийлгэсэн гар нь жижигдэх болсон учраас энэ намар охиныг дахин Италид урьж, бүх зардлыг нь дээрх байгууллагууд хамтран хариуцаж шинэ гартай болгожээ. Түүнд тусалсан олон улсын хүүхдийн байгууллага болон био-анагаахын инженер Марко Аваро, Даниел Куаттрин, Хүүхдийн эмнэлэгийн тэргүүлэх эмч Роберто Далл Амико болон Аэрофлот компанийн Улаанбаатар дахь салбарын төлөөлөгчдөд охины аав ээж талархсанаа уламжилсан юм. Үеэрээ нугаларч, хуруу нь хөдөлдөг гартай болсон Г.Номин-Эрдэнэ “Би сургуульд явж, аав ээжийгээ хөтлөн, ролик дээр гулгаж сурахыг хүсэж байна” хэмээн ярьж байлаа. Сэргэлэн цовоо нэгэн монгол охиныг мөрөөдөлтэй нь үлдээж, тусалсан бүх хүмүүст талархлаа илэрхийлье.