Дархан-Уул аймагт Үндэсний Статистикийн Хорооны өдрүүд гурван хоног үргэлжилж өндөрлөв. Аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болсон “Статистик-Хөгжилд хөтлөгч хүч” хаалтын өдөрлөгт тус аймгийн бүртгэл мэдээллийн 80 гаруй ажиллагсад оролцлоо.
Уг өдөрлөгийг ҮСХ-ны дэд дарга Б.Эрдэнэсүрэн, тус хорооны Хүн ам, нийгмийн судлагааны газрын дарга Д.Оюунчимэг, Макро эдийн засгийн албаны дарга Э.Эрдэнэсан, МБТГ-ын статистикч Ц.Эрдэнэмөнх нараас бүрдсэн ажлын баг тус аймгийн Дархан, Орхон, Шарын гол, Хонгор сумдад болон аймгийн Статистикийн хэлтсийн ажилтай танилцаж цогц үнэлгээ хийснээ танилцуулав. Тэд тухайн сум, багийн Засаг дарга нартай уулзаж статистикийн анхан шатны судалгаа мэдээлэл гаргахад тулгардаг бэрхшээл цаашид хэрэгжүүлэх зорилго чиглэлийн талаар санал солилцсон байна. Мөн ХАМС программ ашиглан багууд улирал сар тутмын мэдээ тайлангуудаа хэрхэн гаргаж байгааг шалгаж зөвлөгөө өгчээ. Хаалтын өдөрлөгт аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Чүлтэмбат тэргүүтэй аймгийн удирдлагууд оролцсон бол Үндэсний Статистикийн Хорооны дээрх удирдлагууд “Үндэсний Статистикийн Хорооны үйл ажиллагаа- бүтээгдэхүүн”, “Хүн ам, нийгмийн үндсэн үзүүлэлтүүд-Монгол улс ба Дархан-Уул аймаг”, “Эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд-Монгол улс ба Дархан-Уул аймаг” зэрэг илтгэл мэдээлэл хийлээ. Өдөрлөгийн төгсгөлд Монгол улсад Үндэсний Статистикийн алба байгуулагдсаны түүхт 90 жилийн ойгоор шагнагдсан статистикийн байгууллагатай ажил төрлийн холбоотой ажилладаг төр, хувийн хэвшлийн бүртгэл мэдээллийн ажилтнуудыг шагнаж урамшууллаа.