Төрийн орон сууцны корпорацын захиалгаар “Үндэсний бүтээн байгуулалтын корпорац” компанийн барьж буй “Буянт-Ухаа 2” хорооллыг барьж эхлээд таван сар өнгөрлөө. Ажлын явц нь өдгөө 42.2 хувьтай байгаа тус хорооллын 24 барилгын үндсэн бүтээцийг дуусган, эхний ээлжинд ашиглалтад оруулах 22 байрны доторх өрлөг болон зоорийн давхрын дулаалгыг дуусах шатандаа орсон байна. Мөн эдгээр барилгын агаар сэлгэлт, дулаан, усан хангамж, бохир ус, цахилгаан, холбоо дохиоллын ажлыг гүйцэтгэж байгаа аж. Үүнээс цонх суулгалт 60, дээвэр 40, гадна дулаалгын хөөсөнцөрийн ажил 50 хувьтай үргэлжилж байгаа гэнэ. Нэг барилг ес, хоёр барилга найм, мөн хоёр барилга долоо, таван барилга зургадугаар давхартаа явж байгаа аж. Мөн дөрвөн барилга тавдугаар, гурав нь дөрөвдүгээр, хоёр нь хоёрдугаар, гурав нь нэгдүгээр давхрыг барьж байгаа бол хоёр барилгын зоорийн давхрын ажлыг гүйцэтгэж байна.