Хан-Уул дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсээс санаачлан өнөөдөр дүүргийн Соёлын ордонд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтаж, “Тогтвортой хөгжил-техникийн оролцоо” уриан дор “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгаалал” сэдэвт Онол-практикийн бага хурал боллоо.
Хурлыг ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуультай хамтран зохион байгууллаа. Онол-практикийн бага хурлыг дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжил, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч дарга Д.Азжаргал нээж үг хэллээ. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгаалал” сэдэвт онол-практикийн бага хурлын зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажиллах нийгмийн ажилтан, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэнүүд, Тусгай сургуулийн нийгмийн ажилтан, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын гишүүд, Сэргээн засах үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ТББ-дын удирдлагууд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлд олон арга зүйн мэдлэг, ур чадвар олгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын талаар авч хэрэгжүүлж буй төрийн бодлого цаашдын чиг хандлага, тэдний хөдөлмөр эрхлэх боломж, хөдөлмөрийн магадлах комиссын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, санал бодлыг сонсох цаашдын үйл ажиллагаанд тусган ажиллах юм байна.