УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 09.00 цагт эхэлж, Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг томилох эсэх асуудлыг хэлэлцлээ. Түүнийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн МАН-ын гишүүд хуралдаанд оролцсонгүй. Тэд өчигдөр болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд ч мөн суугаагүй юм.
АН, ИЗНН, “Шударга ёс” эвслийн гишүүд цуглаад олонх бүрдсэн тул асуудлаа хэлэлцэж эхэлсэн. Гишүүд дотроос Г.Уянга нэр дэвшигчийг эсэргүүцэж, шүүмжилж байв. Олонх нь “Ерөнхий сайд болвол фракцын биш, улс орны эрх ашгийг бодож ажиллаарай. Засгийн газраа бүрдүүлэхдээ үүнийг анхаарч, дан дээлтэй хүмүүсийг сайд болгоорой” гэсэн захиас хэлсэн юм. Гишүүн Ч.Улаан “Танд улс орны эдийн засгийг шууд сайжруулах цаг хугацаа, боломж байхгүй. Тиймээс олон зүйл руу биш, тодорхой хэдэн ажилд анхаарч ажиллаарай” хэмээн захив.
Ингээд санал хураахад 44 гишүүн оролцож, 42 нь буюу Г.Уянга, Х.Баттулга нараас бусад нь дэмжсэнээр Ч.Сайханбилэгийг 28 дахь Ерөнхий сайдаар томиллоо.
С.УУЛ