Өнгөрөгч баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2014 оны аравдугаар сарын 22-ны өдрийн 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх, эсэх асуудлыг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцээс Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3.1.3 дахь заалтын “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж шүүн таслах ажиллагаанд оролцох болон бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэхийг;” гэсэн нь Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн “... шударга ёс, ... тэгш байдал, ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, 16 дугаар зүйлийн 4/ дэх заалтын “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, ... эрхтэй. ...”, 51 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан “…Хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан … иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргаад байсан билээ. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу дээрх Цэцийн дүгнэлтэд дурдсан заалт тус бүрээр санал хурааж шийдвэрлэсэн. Ийнхүү Үндсэн хууль зөрчсөн тухай дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх асуудлаар санал хураахад эхний хоёр заалтыг хүлээн авах боломжгүй хэмээн олонх үзсэн юм. Харин “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3.1.3 дахь заалтын хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх эсвэл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж, шүүн таслах ажиллагаанд оролцох болон бусад хууль зүйн туслалцаа үзүүлэхийг гэсэн нь Үндсэн хуулийн 51.3 дахь хэсэгт заасан хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно гэсэн заалтыг зөрчсөн байна” гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн гишүүдийн олонх дэмжсэн. Ингэснээр холбогдох хуульд өөрчлөлт оруулсан юм.