Баян-Өлгий аймгийн Халамж үйлчилгээний хэлтсийн эрх бүхий албан тушаалтнууд болон арилжааны банкны ажилтнууд нийлсэн 20-иод хүнд Халамжийн сангийн хөрөнгө завшсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр өнгөрсөн өвөл эрүүгийн хэрэг үүсгэснийг бид цаг тухайд нь мэдээлж байсан. Нэлээд удаан хугацааны турш шалгасны эцэст зарим холбогдогчдын хэргийг хэрэгсэхгүй болгож, зургаан хүнд Дүүргийн II прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм. Прокурор тэднийг Хүний хөгжил сангийн, Халамжийн, Хүний хөгжил сангийн төсвийн тухай хууль, Засгийн газрын 2010 оны 347 дугаар тогтоол болон түүний дагуу гарсан дүрэм журмыг зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлсэн гэж буруутгасан аж. Тодруулбал Монгол Улсын харьяатаас гарсан 299 иргэнд “Хүний хөгжил сан”-гаас 139.4, нас барсан 127 иргэнд 17.9 сая төгрөгийг Эх орны хувь хишиг болгон өгсөн. Казахстан улсад эмчилгээ хийлгээд ирсэн 41 хүнд унааны нэг талын хөнгөлөлт болгон 8.9 сая төгрөгийн тэтгэмж, Улаанбаатарт нарийн мэргэжлийн эмчийн үзлэг шинжилгээнд хамрагдсан нь хангалттай нотлогдоогүй, 16 иргэн нийслэлд эмчлүүлээгүй байхад 3.1 сая төгрөг өгсөн мэтээр баримт бүрдүүлж, улсад 260 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэн юм байна. Улмаар Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга асан Я.Сьезд, тус аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний газрын Асрамжийн газрын зохион байгуулагчаар ажиллаж байсан О.Файзол, А.Хайролмажит нарын зургаан хүний гэм буруутай эсэхийг тогтоолгохоор Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд шилжүүлсэн аж.Тус шүүх хэргийг хэлэлцээд, Я.Сьезд, О.Файзол, А.Хайролмажит нарыг гэм буруутайд тооцож, Я.Сьездэд тодорхой албан тушаал эрхлэх эрхийг гурван жил хасч, таван жил хорих ял шийтгэв. Мөн О.Файзолд гурван жил зургаан сар, А.Хайролмажитад гурван жилийн ял оноожээ. Харин үлдсэн гурван хүний гэм буруутай нь хангалттай нотлогдохгүй байна гэж үзээд хэргийг нь хэрэгсэхгүй болгож цагаатгажээ.