“Нийслэл өргөө” компанийн захирал Б.Ганзориг нарын 11 хүнд холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх хоёр өдрийн турш хэлэлцлээ. Уг хэргийн холбогдогчдыг албан тушаалаа урвуулан ашигласан, татвар төлөхөөс зайлсхийсэн, чанар муутай барилга байгууламж ашиглалтад оруулсан, бусдын эд хөрөнгө завшсан гэж яллах дүгнэлт үйлдсэн юм. Б.Ганзоригийн удирддаг “Нийслэл өргөө” компани нь улсын чанартай хэд хэдэн томоохон объектыг барьж байгуулах тендерт шалгарсан ч ашиглалтад оруулалгүй, төсөвт өртөг нь нэмэгдсэн шалтгаанаар төрөөс мөнгө нэхээд сууж байсан билээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн нутагт баригдаж буй IV амаржих газрын барилгыг 19 тэрбум төгрөгөөр барихаар тендерт шалгарч, 33 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан хэрнээ хугацаандаа ашиглалтад оруулаагүй, уг мөнгийг завшсан хэмээн буруутгагдсан. Түүнчлэн Баянзүрх дүүргийн нутагт бариулж байсан орон сууцны зориулалттай барилгын бетон нь нурснаас хүн нас барсан юм. Үүнээс гадна Чингэлтэй дүүргийн IV хорооны нутагт Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны захиалгаар “Нийслэл өргөө” компанийнхны барьж буй Цахим архивын барилгын 14 дүгээр давхраас гурван ажилчин унаж нас барсан аж. Мөн улсад төлөх ёстой их хэмжээний татварыг төлөлгүй, зайлсхийсээр өдий хүрсэн хэрэгт холбогдон гэм буруутай эсэхээ шүүхээр хэлэлцүүллээ. Энэ хэрэгт төрийн албан тушаалтан хүнийг тухайн компанийг тендерт ялуулж, хувь авдаг байсан байж болзошгүй үндэслэлээр хамт шүүгдэж буй. Анхан шатны шүүхээс “Нийслэл өргөө” компанийн захирал Б.Ганзоригийг гэм буруутайд тооцож улсад учруулсан олон тэрбум төгрөгийн хохирлыг гаргуулах, гурван сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, чанга дэглэмтэй хорих ангид зургаан жил хорихоор шийдвэрлэжээ.Харин нэг нягтлан бодогчийг нь, төрийн нэг албан тушаалтны хамт цагаатгасан байна. Өөр нэг нягтлан бодогчид нь таван жил хорих ял шийтгэж, бага насны хүүхэдтэй учраас хорих ялыг хоёр жилээр хойшлуулжээ. Уг хэрэгт холбогдсон Баян-Өлгий аймгийн иргэдэд гурван жил хорих ял оноож, уг ялыг нь хоёр жилийн хугацаагаар тэнсэн харгалзахаар болсон байна.