Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд “Монголын ХААН ширхэгт” нэгдсэн чанарын гэрчлэх тэмдгээр олон улсын зах зээлд гарахаар төлөвлөж буй. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүний шошгон дээрээ “Монголын ХААН ширхэгт” тэмдгийг давхар тавих юм. Учир нь үндэсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ экспортлоход олон улсын чанарын баталгаа, стандарт хангаагүй гэх бэрхшээлтэй тулгардаг байна. Тэгвэл “Монголын ХААН ширхэгт” чанарын тэмдгийг өнгөрсөн долоо хоногт Япон улс бүртгэжээ. Үүнээс өмнө Их Британи, Чех улсад бүртгүүлээд байсан гэнэ. Бас АНУ-тай санал солилцож буй бөгөөд ҮХААЯ-ны зүгээс Европын холбоонд дээрх тэмдгийг бүртгүүлэхээр саналаа хүргүүлээд байгаа аж.
Энэ талаар ҮХААЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Батцэцэг “Монголын ХААН ширхэгт” чанарын тэмдгийг дотоодын компаниудын бүтээгдэхүүнд олгохтой холбоотой стандарт, журмыг энэ онд багтаан шинэчлэн батлуулахаар ажиллаж байна” хэмээн ярилаа.
Манай улсын бүтээгдэхүүн олон улсын шаардлага хангасныг батлахад лаборатори чухал. Иймээс манай улсад нэхмэлийн салбарт хамгийн олон жил тогтвортой ажиллаж байгаа “Нэхмэлийн хүрээлэн”-гийн Ноос, ноолуурын сорилын төвийн лабораторийг дэмжиж олон улсын баталгаажуулалтын эрх авахаар төлөвлөжээ. Одоогоор тэнд шаардлагатай, дутуу тоног төхөөрөмжүүдийг худалдан авахаар ажиллаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад анх удаа олон улсын стандарт хангасан олон улсын баталгаажуулалтын лаборатори байгуулах гэнэ. Ингэснээр “Нэхмэлийн хүрээлэн”-гийн шинжилгээг гаднын орнуудад хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Дотоодын компаниудын бүтээгдэхүүний чанарыг гэрчлэх дээрх тэмдгийг нэг бус, олон үе шаттай шинжилсний дүнд олгох юм байна.
Ц.Болор