Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Нарантуул” захад байрлах “Грийн Сити” ХХК-ийн агуулах болон Баянзүрх дүүргийн VIII хороон дахь төв агуулахад нь шалгалт хийжээ. Уг шалгалтаар тус компани хүнсний сүлжээ дэлгүүрүүдээс хугацаа дууссан бүтээгдэхүүнээ татан авч, хуурамчаар огноо тавиад дахин борлуулдаг байсныг илрүүлсэн аж. Тухайлбал, дүрдэг цайны савлагаан дээрх хугацааг будаг арилгагчаар арилгаж, зориулалтын машинаар хуурамч хугацаа тавиад их хэмжээгээр борлуулж байжээ. Солонгосын “Nong Shim”-ийн Хятад дахь үйлдвэрээс импортолсон “Mutton noodlesoup”, “Carry Ramen” нэрийн 8360 ширхэг бэлэн гоймон, “Solomon’s seal tea” нэрийн 154 хайрцаг дүрдэг цай гээд нийтдээ найман сая гаруй төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүн устгуулахаар холбогдох газарт нь шилжүүлсэн байна. Харин тус компанийн орлогч захирал бүсгүйд хуулийн дагуу Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулж, ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлжээ.