Дархан-Уул аймгийн ЗДТГ, Мэргэжлийн хяналтын газар, Хөдөлмөрийн хэлтэс, Шарын голын уурхай буюу Шарын гол ХК, “Аюулгүйн-Ишлэл” ТББ-уудын хамтарсан “Ажлын байрны эрсдлийн үнэлгээ хийх аргачлал” сэдэвт сургалт эхлэв.
Сургалтад “Шарын гол” ХК-ийн “Ажлын байрны эрсдлийн үнэлгээ” хийсэн туршлагыг дэлгэрүүлэх зорилгоор орон нутагт ажиллаж байгаа аж ахуйн нэгж байгууллагын ажил олгогч эзэд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн болон дотоод ажил хариуцсан ажилтан зэрэг нийт 67 хүн оролцож байна. Түүнчлэн аймгийн хэмжээнд энэ онд хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах дэд хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлын тайланг салбар хорооны нарийн бичгийн дарга, Хөдөлмөрийн хэлтсийн дарга Г.Соёлмаа хийлээ. Мөн аймгийн хэмжээнд бүртгэгдсэн мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн бүтэц, урьдчилан сэргийлэх ажлын тухай МХГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Д.Болормаа, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх талаар тус газрын Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч С.Энхжин, “Ажлын байрны эрсдэл тодорхойлох арга” сэдвээр “Аюулгүйн-Ишлэл” ТББ-ын багш С.Энхболд нар мэдээлэл хийлээ. Мөн үеэр оролцогчдод “Ажлын байрны эрсдлийн үнэлгээ”, “Асбест эрүүл мэндэд аюултай” зэрэг хоёр төрлийн 100 ширхэг гарын авлага тараажээ. “Шарын гол” ХК-ийг ХАБЭА-н тухай хуулийг хэрэгжүүлэх, ажлын байрны эрсдлээ тодорхойлох ажилд идэвх санаачилгатай оролцож арга туршлагаа сурталчилсан тус уурхайн хамт олонд “Эрүүл-Аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” болохыг хүсч салбар хорооны нарийн бичгийн дарга Г.Соёлмаа дурсамж гардууллаа гэж аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэн Т.Шижиртуяа ярилаа.