Энэ сарын 21-ний өдрийн дугаартаа “Монголын мэдээ” сонин болон Оллоо.мн сайтад “Сураггүй болсон байлдааны нисэх онгоц “казино” Д.Энхбаатарын гараар оров бололтой” гарчигтай нийтлэл гаргажээ. Үүнтэй холбогдуулан бригадын генерал Д.Энхбаатар мэдэгдэл гаргасан байна. Тэрээр мэдэгдэлдээ “Энэхүү нийтлэлд намайг өөрийн биеэр цэргийн анги дээр очиж, байлдааны нисэх онгоцуудыг хайрцаглан ачуулсан, жижиглэн задалсан онгоцоо тас нууж орхисон нь илрэв, хэрэг хуучирдаггүй ээ гэж энэ дээ” гэх зэргээр бичсэн нь огт худал зүйл бөгөөд миний нэр төрийг санаатайгаар гутаан доромжлох зорилгоор бичсэн гүтгэлэг гэж үзэж байна.
Дээрх хэргийг ТЕГ болон АТГ шалган мөрдөн байцаалт явуулсан бөгөөд улмаар энэ хэрэгт холбогдсон хүмүүст Шүүхээс зохих шийтгэлийг нь ногдуулсан болно.
Энэ хэргээс генерал Д.Энхбаатар хоцорч үлдсэн гэх утгатай зүйл бичсэн нь мөрдөн байцаалт явуулсан дээрх байгууллагууд ажлаа хариуцлагагүй хийж, гэмт этгээд ял завших нөхцөлийг бүрдүүлсэн гэж ойлгогдож байна. Энэ нь миний нэр төрөөс гадна ТЕГ болон АТГ-ын нэр төрд бүдүүлэгээр халдан тэдний үйл ажиллагааг мушгин гуйвуулсан, нийгэмд тэдний үйл ажиллагааны талаар буруу ойлголт төрүүлэхээр зүйл болжээ.
Иймд миний бие ТЕГ болон АТГ-т өргөдөл бичиж, сэтгүүлч Ч.Чулууны эрэн сурвалжилж олсон гэх дээрх мэдээлэлд үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж өгөхийг хүссэн болно. Мөн шүүхэд нэр төрөө сэргээлгэхээр өргөдөл гарган дараахь зүйлийг нэхэмжилсэн болно. Үүнд:
1. Дээрх гүтгэлгийг нягтлан шалгалгүйгээр хэвлэн нийтэлж улс даяар миний нэрийг гутаан доромжилсон "Монголын мэдээ" сониноос 100 сая төгрөг нэхэмжлэн надаас уучлалт гуйсан мэдээллийг дангаар нь 1 дүгээр нүүрэндээ нэг сарын турш нийтлэх,
2. Мөн дээрх гүтгэлгийг 3 хоногийн турш нийтэлж, улмаар архивтаа хадгалан миний нэр төрд хугацаагүй халдсан Оллоо.мн сайт (Оллоо.ХХК)-аас 100 сая төгрөг нэхэмжлэн надаас уучлалт гуйсан нийтлэлийг сайтынхаа эхний онцлох мэдээ буландаа нэг сарын турш нийтлэх,
3. Сэтгүүлч Ч.Чулуунаас 100 сая төгрөг нэхэмжлэн "Генерал Д.Энхбаатараас уучлалт гуйж байна, миний буруу" гэсэн өгүүлбэрийг намайг доромжилсон нийтлэлийнхээ мөрийн тоогоор бичиж Монголын мэдээ сонинд нийтлэх,
Энэхүү нэхэмжилсэн мөнгийг өнчин хүүхдийн асрамжийн төвд шилжүүлэхийг мэдэгдэж байна. Мэдэгдэл гаргасан Монгол Улсын ЗХЖШ-ын газрын дарга, бригадын генерал Д.Энхбаатар. 2014.11.24" гэжээ.