Завхан аймаг уул уурхайн компаниудад “идэгдээгүй” үлдсэн ганц аймаг гэж бахархдаг. Тус аймгийн эмзэг экосистемтэй Дөрвөлжин суманд “Баян-Айраг эксплорэйшн” гэх ганцхан компани л алт олборлож байгаа. Канад, австрали гүйцэтгэх захирлуудтай, манай Монголын талын хөрөнгө оруулагч компани ч өөрийнхөө хүнийг ерөнхий захирлаар нь ажиллуулдаг. Байгаль орчинд хор хохирол учруулсан үйл ажиллагаа явуулсны улмаас тус компанийн эрх бүхий албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй тухай бид өмнө нь дэлгэрэнгүй мэдээлж байсан. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт өнгөрсөн оны сүүлчээс эхлэн шалгаж буй энэ хэргийн талаар прокурорын байгууллагын болон орон нутгийн иргэд бидэнд мэдээлэл өглөө. Мөрдөн байцаах байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэхдээ тус компанийн эрх бүхий албан тушаалтан болох Канад, Австралийн иргэдийг сэжигтнээр тооцсон аж. Улмаар Монгол Улсад оршин суугаа хаягаасаа ийш тийш явж болохгүй, хилээр гарч болохгүй гэх сануулга өгч, холбогдох хуулийн заалт танилцуулан, гарын үсэг зуруулсан аж. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн холбогдох заалт, Улсын ерөнхий прокурорын тушаалаар баталсан журмаар эрүүгийн хэргийн сэжигтэн, яллагдагчийг гадагш явахыг хориглож, таслан сэргийлэх арга хэмжээ авдаг.
Үүний дагуу авсан таслан сэргийлэх арга хэмжээг “Баян-Айраг эксплорэйшн”-ий эрх бүхий албан тушаалтнууд зөрчихийг завдсан гэнэ. Хуулиа ихэд дээдэлдэг Канад, Австрали улсын иргэд Монголын хуулийг үл ойшоож, хууль хэрэгжүүлэгч, сахиулагч байгууллагаас авсан таслан сэргийлэх арга хэмжээг үл ойшоон Буянт-Ухаа боомтоор хил гарах гэж байгаад хилчдэд саатуулагдсан нь он гарахаас хэдхэн хоногийн өмнө болсон асуудал гэнэ. Нэг нь ар гэртээ гачигдал гарсан хэмээн хуурамч материал бүрдүүлж өгсөн сураг байна. Харин нөгөө нь хэн нэгэн ар өврийн хаалгатай хүмүүсийн тусламжтайгаар хилээр гарчихаад буцаад орж ирсэн аж. Улмаар дахин гарах гэж байгаад баригдсан гэх мэдээлэл байгаа юм. Энэ талаар ЗБГХТГ-ынхнаас лавлахад “Энэ хэргийн мөрдөн байцаалт хуулийн дагуу үргэлжилж байгаа. Мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргийн талаар прокурорын зөвшөөрөлгүй мэдээлэл өгөх эрх байхгүй. Тиймээс прокурорын байгууллагаас тодруул” гэх хариулт өгөв. Харин хилийн цэргийнхэн “Цагдаагийн байгууллагаас хилээр гаргахыг нь хориглосон гадаад, дотоодын олон хүн манайд бүртгэлтэй. Тэднээс хил давахыг завдсан, эсвэл гарчихаад буцаж орж ирэхдээ баригдах тохиолдол цөөнгүй гардаг.
Өнгөрсөн сард хилээр гарахыг нь хориглосон Канад, Австралийн иргэд хил дээрээс баригдсан тохиолдол бий” гэв. Хэргийн мөрдөн байцаалтаар тус компани натрийн цианид ашиглахдаа технологийн горим зөрчиж, барилга, байгууламжаа барьснаас болж химийн хорт бодис хөрсөнд нэвчсэн гэж тогтоогоод буй гэнэ. Түүнээс гадна тэнд 1000 шувуу үхсэн нь баримт, бусад дүгнэлтээр нотлогдож байгаа аж. Тухайлбал, шалгалтын явцад мөрдөгчид тус компанийн аврах, хамгаалалтын албаныхны бүртгэлийн дэвтрийг хурааж авчээ. Тэр бүртгэлийн дэвтэрт нь “2014 оны наймдугаар сарын 19-нд 500 болжмор, наймдугаар сарын 22-нд 60 гаруй” гэх зэргээр 1000 шувуу хорогдсоныг түүж, устгасан талаар тэмдэглэсэн байгаа гэнэ. “Баян-Айраг эксплорэйшн” компани 2014 оны наймдугаар сараас нуруулдан уусгах технологи ашиглаж байгаа гэнэ. Ингэхдээ химийн хортой уусмал бүхий овоолгуудад хамгаалалтын тор хийгээгүйгээс шувуу олноороо үхсэн гэж шинжээчид дүгнэсэн аж. Мөн овоолго доорх плёнкуудыг хянаж байдаг хоолойноос дээж авахад натрийн цианидтай ус алдагдаж байгаа нь тогтоогдсон аж. Ийм байтал байгаль орчин хариуцсан яам нь юу ч хийхгүй зүгээр сууж буй нь хачирхалтай. Уг нь БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролын төрөлх нутаг нь Завхан аймаг. Төрөлх нутгийнх нь хөрсөнд химийн хортой уусмал шингэж байгаа гэсэн урьдчилсан дүгнэлт гарчихаад байхад анхны томилолтоо орон нутгаасаа эхэлсэн салбарын сайд нь нүдэн балай, чихэн дүлий хажуугаар нь өнгөрөөд явчихсан нь гайхалтай.
Г.РАВЖАА