Өвөрханагй аймагт 2015 он гарсаар галзуурсан малын гурван тохиолдол бүртгэгдлээ. Тарагт сумын зургадугаар багийн нутаг “Баруунхүү” гэдэг газарт нутаглаж буй малчин айлд нэг ямаа, тус сумын нэгдүгээр багийн “Бор хавцал” гэх газар нэг хонь, Төгрөг сумын “Эхэн хүрээ” гэх газар нэг тэмээ тус тус галзуугаар өвчилж, 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.
2014 онд тус аймгийн ихэнх сумдад мал, амьтны гоц халдварт галзуу өвчний 102 тохиолдол бүртгэгджээ. Тухайлбал Төгрөг, Баруунбаян-Улаан, Богд, Гучин-Ус, Арвайхээр, Уянга, Хужирт Хайрхандулаан, Өлзийт, Бүрд, Хархорин, Баянгол суманд малчин айлын үхэр, тэмээ, ямаа, нохой гэхчлэн мал, амьтан галзуурсныг аймгийн ОБГ, ЗӨСТ-өөс яаралтай арга хэмжээ аван устгал хийж, 11900 м2 талбайд ариутгал, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээ авсан байна. Мөн 12362 мал, 72 хүнийг вакцинжуулсан юм.
Галзуу гэдэг нь вирусээр үүсгэгддэг байгалийн голомтот өвчин бөгөөд галзуурсан хээрийн амьтанд хазуулснаас болон малд халдварлаж байна хэмээн үзэж байгаа юм.