“Оюутолгой” компани өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд 50.3 мянган тонн зэс (баяжмал дахь агууламж), 278 мянган унци алт үйлдвэрлэсэн тухайгаа өчигдөр мэдээллээ. Хүдрийн агуулга өндөр байсан учраас металлын үйлдвэрлэл өмнөх улирлуудаас өссөн дүнтэй байгааг тэд мэдэгдэлдээ тодотгожээ.
Тус компани өнгөрсөн онд нийт 148.4 мянган тонн зэс (баяжмал дахь агууламж), 589 мянган унци алт үйлдвэрлээд байгаа аж. Оны эхэнд тооцож байсан үйлдвэрлэлийн төлөвлөгөөтэй энэ нь нийцэж байгаа гэнэ. Дашрамд сануулахад, 2014 он бол “Оюутолгой” бүтэн жил тасралтгүй үйлдвэрлэл явуулсан анхны жил юм. Харин өнгөрсөн жил борлуулсан баяжмалд зэс 185.8 мянган тонн, алт 561 мянган унци, мөнгө 1.09 сая унци агуулагдаж байжээ. Энэ онд Оюутолгойгоос 175-195 мянган тонн баяжмал дахь зэс, 600-700 мянган унци баяжмал дахь алт үйлдвэрлэх төлөвлөгөөтэй.
Б.ЦЭЦЭГ