Энэ сарын 19-ний өдөр хуралдсан Сэлэнгэ аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаанаар 4 асуудлыг авч хэлэлцлээ.
Хурлаар “Шилэн данс”-ны тухай хуулийн хэрэгжилт, явцын мэдээллийг аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсээс хийлээ. Хоёр дахь асуудлаар сурлага, урлаг, спортын амжилт гаргасан оюутнуудад олгодог аймгийн Засаг даргын нэрэмжит урамшуулалд хамрагдахаар ирүүлсэн оюутнуудын материалыг хэлэлцэн 20 оюутанд урамшуулал олгохоор зөвлөлийн гишүүд дэмжлээ. Дараагийн асуудлаар шинээр ажлын байр бий болгож тогтвортой хадгалсан “Шилдэг сум, аж ахуйн нэгж байгууллага, иргэн” шалгаруулах журмын дагуу сум, аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээр шалгаруулахаар ирүүлсэн материалыг хэлэлцээд нэг сум, хоёр аж ахуйн нэгж, хоёр иргэнийг урамшуулахаар зөвлөлийн хурлаас шийдвэрлэсэн. Харин эцсийн асуудлаар өвөлжилтийн байдлаар цаг үеийн мэдээллийг Хөгжлийн бодлогын хэлтсээс танилцууллаа. Аймгийн Засаг даргаас 2013 онд бэлтгэсэн нөөцөд байгаа өвс, тэжээлийн чанар байдлыг нягтлан шалгаж, үнийн саналаа танилцуулан, хямдаар малчдад олгохыг ҮХААГ-ын дарга Х.Даваахүүд, “Рэдхил Монголия” ХХК-тай байгуулсан нүүрс нийлүүлэх гэрээнд хяналт тавьж ажиллахыг аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, ХБХ-ийн дарга Ч.Дэмбэрэлсайхан нарт үүрэг болголоо.
Өнөөдрийн байдлаар шилэн дансны нэгдсэн системд Сэлэнгэ аймгийн 359 төр, төсвийн байгууллага бүртгэгдэн 2015 оныхоо төсвийн мэдээллийг байршуулаад байна.
Оны эхнээс мөрдөж эхэлсэн Шилэн дансны хуулийн хэрэгжилт, түүний явц байдлын талаар аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар авч хэлэлцлээ. Шилэн дансны цэсэнд эхнээсээ суугдаагүй ОНӨААТҮГазрууд ч байгаа тул холбогдох дээд шатны газарт мэдэгдэж, түр хүлээгдээд байгаа ажээ. Аймгийн Засаг даргаас ямар ч асуудалгүйгээр хугацаанд нь мэдээллээ байршуулах, хариуцан ажиллаж байгаа хүмүүст хуулийн заалт, цаг хугацааг нарийвчлан хүргүүлж, хүн нэг бүрийг үүрэгжүүлэх, байгууллагуудыг бүртгэлжүүлэн, хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо. Мөн ямар нэг болохгүй, бүтэхгүй гэдэг асуудлыг энэ өдрөөр цэглэж, цаашид зөвхөн хариуцлагын тухай асуудал яригдах тул анхаарч ажиллахыг зөвлөлөө.