Сэлэнгэ аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албаны мэдээгээр өнгөрсөн 12 дугаар сарын сүүлээр гурван удаагийн давтамжтайгаар орсон цас Сүхбаатар, Алтанбулаг, Хушаат, Зүүнбүрэн сумдын нутгаар талдаа 18-20 см, уулархаг газартаа 55-60 см байгаа ч одоогоор мал өвөлжилтөнд хүндрэл, бэрхшээл гараагүй байна.
Харин өнөөдрийн байдлаар Шаамар сумын “Охь-Хөндий”, “Нарсан сүүл”, “Хүрэн шанд”, Хушаат сумын “Ар-тойлбо”-оор цас их хэмжээгээр орж цасан бүрхүүл тогтож, зам даваа хаагдсан тул туулах чадвар сайтай зүтгэх хүчээр зам харгуй гаргах ажлыг зохион байгуулж байна. Мөн сумдын Засаг дарга нар, багийн дарга, хөдөө аж ахуйн мэргэжилтэн, нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэйгээр малчдаар явж, мал аж ахуйн өвөлжилтийн байдалтай танилцаж, холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллаж байна.
Сүхбаатар сумын хувьд “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГазарт өдөрт 27 м3 багтаамжтай машинаар 9-13 удаа нүүрс бууж байгаа нь зуухнууд хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлж байгаа ажээ.