Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2014-2015 оны өвөл, хаварт 7400 малчин болон мал бүхий өрхийн 1.3 сая малыг өвөлжүүлж, хаваржуулахаар бэлтгэл ажлыг хангаад байгаа. Нийт малын 94 хувь нь хол ойрын оторт явж, 96 хувь нь дунд, дундаас дээш тарга хүч авчээ.
Сэлэнгэ аймаг энэ онд 154170 тонн байгалийн хадлан бэлтгэхээс 166680 тонн хадлан бэлтгэж, төлөвлөгөөт зорилтоо 108.1 хувиар биелүүлсэн байгаа. 2013-2014 оны өвөл, хавар өнтэй сайхан жил болж өнгөрсөн тул 2013 онд аймгийн өвс тэжээлийн аюулгүйн нөөцөнд бэлтгэсэн 110 тонн өвс, 90 тонн тэжээлийг малын тэжээлд зарцуулаагүй битүү агуулахад чанарыг нь алдагдуулахгүйгээр хадгалжээ.
Монгол Улсын Засгийн газрын 241 тоот тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс өнөөдрийн байдлаар сумдын аюулгүйн нөөцөнд 596.7 тонн өвс, 30 тонн тэжээл бэлтгэж байршлын судалгааг сум бүрээр гаргаад байгаа юм байна. 2014-2015 онд аймгийн дүнгээр 46.2 мянган мал байран тэжээлд, 652.9 мянган толгой мал нэмэгдэл тэжээлд өвөлжихөөр тооцжээ. Мөн энэ өвөл, хаварт инженерийн хийцтэй 516 худаг, 3295 энгийн уурхайн худаг ашиглагдах бөгөөд уст цэгийн бэлэн байдал аймгийн дүнгээр 98.2 хувь, өрхийн усан хангамж 100 хувьтай байна.