Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.Энэ үеэр гишүүд Зөвшөөрлийн тухай хуулийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулиудын төслийг эргэн харж, нухацтай ярилцах нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа. УИХ-ын гишүүн З.Энхболд, Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулснаар нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох шаардлагууд үгүй болж байгаа юм байна гэж ойлголоо. Тэгэхээр хэн дуртай нь нотариатч хийж болно гэсэн үг үү хэмээн лавласан. Ажлын хэсгээс, нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох талаар Зөвшөөрлийн тухай хуулийн ерөнхий зохицуулалтад тусгаад, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулиар тэр зөвшөөрлийг хэн олгохыг заасан хэмээн тайлбарласан. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, зөвшөөрлийг олон шат дамжлагаар олгодог хүнд суртлыг арилгах гэж байгааг дэмжиж байгаа ч нотариатын зөвшөөрөл, хуульчийн гэрчилгээ, галт зэвсгийн зөвшөөрөл зэргийг ялгаж салгахаас аргагүй хэмээж байлаа. Тэрбээр, нотариатын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авах нь бүхэл бүтэн системтэй. Шалгалт өгч, тусгай шаардлага ханган, хариуцлага хүлээж ажилладаг. Үүнийг худалдаа эрхлэх зөвшөөрөлтэй адилтгах аргагүй. Эмч, хуульч ч ялгаагүй. Мэргэжлийн түвшин, хариуцлага, үргэлжилсэн сургалт байнга дагалддаг онцлогтой энэ ажлыг гүйцэтгэхзөвшөөрлийг архи зарах зөвшөөрөлтэй харьцуулж болохгүй гээд энэ төрлийн зөвшөөрлийг олгох асуудлыг Зөвшөөрлийн тухай хуульд тусад нь бүлэг болгон оруулах шаардлагатай гэж хэлсэн. Ажлын хэсэг, эмч, хууль, нотариатчийн эрхийг олгох асуудлыг Зөвшөөрлийн тухай хуульд тусгаад, мөн хуульд зөвшөөрөл олгох нөхцөл, шаардлагыг тухайн салбарын хуулиар нь зохицуулахаар заасан гэж хариулсан юм. УИХ-ын гишүүн З.Энхболд, энэ асуудлыг ажлын хэсгээр дахин хэлэлцэх хэрэгтэй. Үүний дараа байнгын хороогоор хэлэлцэхгүй бол эргэж харж, нягтлах зүйл олон байна хэмээсэн бол УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, төслүүдийг харж байхад жолоочийн хариуцлагын даатгалыг хэн дуртай нь хийхээр болоод орж ирж байна. Хэрэв ингэвэл энэ систем нурах аюултай гэж хэлсэн. Гишүүд ийнхүү хэлэлцээд дээрх хуулийн төслүүд дээр ажиллах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээр ахлуулан байгуулаад дээрх ажлын хэсэг Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэгтэй хамтран ажилласны дараа асуудлыг дахин хэлэлцэхээр тогтлоо.