Ан амьтан агнаж зугаагаа гаргадаг хүмүүс, эд эрхтэнээр нь бизнес хийгчид байсхийгээд хилийн дэглэм зөрчдөг. Ийм тохиолдол өнгөрсөн баасан гаригт Сүхбаатар аймаг дахь хилийн отрядын хариуцсан хэсэгт гарчээ. Улсын хилийн шугамаас ердөө 1.5 км-ийн зайд энэ сарын 16-нд нэгэн автомашин явж байсныг хилчид саатуулан шалгахад дөрвөн хүн ан хийх гэж явна хэмээн тайлбарласан гэнэ. Тэд хилийн зурваст нэвтрэх зөвшөөрөлгүй байсан тул хилчид Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгох арга хэмжээ авчээ. Харин тэдний авч явсан СКС маркийн буу, ПС маркийн 33 ширхэг сумыг хураан Онгон сумын Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгчээ.Мөн хилийн бүсэд нэвтэрч ан хийхийг завдсан хэсэг хүмүүсийг Завхан аймаг дахь хилийн отрядынхан саатуулсан байна. Морьтой таван хүн “Тигр”, “Тоз-8” маркийн дөрвөн буутай явж байсныг хилчид илрүүлэн галт зэвсгийг нь Баянтэс сумын Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгч, таван хүнийг торгосон гэнэ. Түүнээс гадна энэ сарын 14-нд Дорноговь аймгийн Сулинхээрийн отрядын хариуцсан хэсэгт хууль бусаар алт олборлох зорилготай явсан хэд хэдэн хүмүүсийг хилчид саатуулж, буцаасан гэнэ.