Иргэдийг хямд үнэтэй орон сууцаар хангах зорилготой “Буянт-Ухаа 1” хороолол 1764 айлын есөн давхар 28 барилга, автомашины 425 зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэг, үйлчилгээний төв бүхий цогцолбороос бүрддэг. Эхний ээлж нь өнгөрсөн оны хоёрдугаар сард ашиглалтад орсноос хойш бараг жил болох гэж буй ч тус бүр нь 60 хүүхдийн багтаамжтай хоёр цэцэрлэгээ одоо хүртэл ашиглаж чадахгүй байгаа гэнэ. Учир нь уг цэцэрлэгүүдийн барилгыг худалдаж авах болон урсгал зардал, багш ажилчдын цалин, хүүхдүүдийн хоолны мөнгийг 2015 оны төсөвт тусгаагүй аж. Үүнийг мэдсэн хувийн хэвшлийнхэн цэцэрлэгүүдийг худалдаж авах хүсэлтээ Төрийн орон сууцны корпорацад ирүүлжээ. Энэ талаар тус корпорацын тэргүүн дэд захирал Д.Алтанхуягаас тодруулахад:
-Бид БСШУЯ болон нийслэлийн Боловсролын газарт “Энэ хоёр цэцэрлэгийн барилгыг худалдан авч, ажиллуулаач” гэж хүсэлт тавьсан. Гэвч цэцэрлэгүүдийг авах, ажиллуулах зардлыг 2015 оны төсөвт суулгаагүй гэдэг үндэслэлээр тодорхой хариу өгөхгүй байна. Нөгөө талаас хувийн байгууллагууд эдгээр цэцэрлэгийг худалдаж авах хүсэлтээ ирүүлэх боллоо. “Буянт-Ухаа 1” хорооллын оршин суугчид зорилтот бүлгийнхэн учраас цэцэрлэгийн барилгыг хувийн хэвшилд өгөх нь зохимжгүй. Ингэвэл тэндхийн оршин суугчдын хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролыг төлбөртэй эзэмшихэд хүрнэ. Иймээс бид хувийн хэвшлийнхэнд заралгүй, БСШУЯ-ныхан 2015 оны төсвийн тодотголд энэ асуудлыг оруулах байх гэж найдаад, хүлээж байна.
-2015 оны төсөвт яагаад мөнгийг нь суулгаагүй юм бэ?
-“Буянт-Ухаа 1” хорооллыг төлөвлөсний дагуу барьсан. Харин цэцэрлэг барихаар хожуу шийдсэн. Үүнээс болж асуудал үүссэн.
-Цэцэрлэгийн барилгыг хэдэн төгрөгөөр төрд зарах вэ. Нэгэнт улсын хөрөнгөөр барьсан юм чинь заралгүй, зүгээр өгчихөж болдоггүй юм уу?
-Гадна тохижилт, шугам сүлжээ, барилгын өртөг зэрэг нь ороод нэг цэцэрлэг нь 600 гаруй сая төгрөг болж байгаа. Бид яаманд “Цэцэрлэг барьсан өртгийг төсөвтөө суулгаж, аваач” гэдэг хүсэлт тавьсан. Төрд өгч болно. Гэхдээ тухайн хэмжээний мөнгийг “Чингис” бондын манай төлбөрөөс хассан тохиолдолд өгнө. Бид тэр мөнгийг Хөгжлийн банкинд төлөх ёстой юм. Дээрх 600 сая төгрөгийг “Чингис” бондоос гаргасан.
-120 хүүхдийн багтаамжтай хоёр цэцэрлэгийн төсвийг шийдчихвэл цэцэрлэг үйл ажиллагаа явуулах боломжтой юу?
-Тийм ээ. Төсвийг нь шийдчихвэл хүүхдүүдээ хүлээж авахад бэлэн.
-Сургууль барьсан уу?
-“Буянт-Ухаа 1” хороололд сургууль төлөвлөөгүй.
-“Буянт-Ухаа 2” хороололд сургууль, цэцэрлэгийн барилгыг хэрхэн төлөвлөсөн бэ. Алдаагаа давтахгүйн тулд төсөвт өртгийг нь суулгасан биз дээ.
-“Буянт-Ухаа 2” хороолол хоёр үндсэн хэсгээс бүрдэж байгаа. Эхний ээлжинд ашиглалтад орох есөн давхар 48 орон сууцны барилгыг өнгөрсөн оны зургадугаар сард эхлүүллээ. Энд 240 хүүхдийн цэцэрлэг барихаар төлөвлөсөн. Дараагийн ээлжинд 12 давхар 60 орон сууцны барилга төлөвлөөд байгаа. Үүнд 240 хүүхдийн хүчин чадалтай гурван цэцэрлэг, хоёр ээлжээр хичээллэх 1500 хүүхдийн багтаамжтай хоёр сургууль, биеийн тамирын талбай зэрэг байгууламж орно. Төлөвлөлтөө БСШУЯ, нийслэлийн Боловсролын газарт хүргүүлсэн.
-Хорооны цогцолборыг хэрхэн шийдэж байгаа вэ?
-Хороолол барьж байгаа газар өөрөө хорооны байр, Өрхийн эрүүл мэндийн төв, Цагдаагийн тасагтай учраас төлөвлөөгүй гэв. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг 24 байршилд хэрэгжүүлж, үүнд нийслэлийн найман дүүрэг, 37 хорооны 1547.8 га газар хамрагдаж байгаа. Одоогийн байдлаар хэсэгчилсэн 75 талбайд үндэсний 34 аж ахуйн нэгж шалгаран ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл боловсруулах, газар чөлөөлөх, иргэдийг түр суурьшуулах, нийгмийн болон инженерийн дэд бүтэц барьж байгуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж буй. Эдгээр байршилд сургууль, цэцэрлэг барих эсэхийг Гэр хорооллын хөгжлийн газрынхнаас тодруулахад “Дахин төлөвлөлтөд хамрагдаж байгаа байршил бүрт сургууль, цэцэрлэг барина. 15 байршилд барилга угсралтын ажил эхэлсэн. Бусад нь хоёр талт гэрээгээ байгуулж, газраа чөлөөлөн, зураг төсөл гаргаж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөө батлуулж байгаа. 24 байршилд нийт төдөн сургууль, цэцэрлэг ашиглалтад оруулна гэсэн тоо хараахан хэлэх боломжгүй. Хэрэгцээгээр нь нэмж барина. Энэ онд сургууль, цэцэрлэгийн гурван цогцолбор, хуучин сургууль, цэцэрлэгийн дөрвөн өргөтгөл барихаар төлөвлөсөн. Сургууль, цэцэрлэгийг улс, нийслэлийн төсөв, бондын хөрөнгөөр санхүүжүүлнэ. Өнгөрсөн бямба гаригт 300 хүүхдийн хүчин чадалтай сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орсон. Тэр байршилд мөн тийм хүчин чадалтай цогцолбор барина” гэв.
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ