Хүн, мал, амьтан ундаалдаг худгийн усанд санаатайгаар дизель түлш асгаж, бохирдуулсан хэрэг Өмнөговь аймгийн Ханхонгор суманд гарлаа. Тус сумын Жаргалант багийн нутаг дахь Сүүжийн Баруун-Ус хэмээх газарт нутагладаг малчин Т.Бат-Өлзий ийм хэрэг хийжээ. Тэрээр нутгийн малчинтай маргалдсаны улмаас уурын мунхгаар ийм зүйл хийсэн гэнэ. Уг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас худгийн усанд шинжилгээ хийгээд “Унданд дахин ашиглах боломжгүй” гэсэн дүгнэлт гаргасан байна. Энэ хэргийг тус аймгийн Цагдаагийн газар шалгаж байгаа юм. Хохирлын хэмжээг эцэслэн тогтоогоогүй байгаа аж.
Гурван метр гүн, ундрага сайтай тэрхүү худгаас 20 гаруй айл ундны усаа авч, 1000-аад малаа усалдаг байсан аж. Үүнээс гадна малчид онгоцыг нь заавал усаар дүүргэж орхидог, түүнээс нь зэрлэг амьтад, ундаассан мал уудаг байжээ. Говьд цэвэр ус нүдний гэм. Гэтэл түүнийг нь зориуд бохирдуулсанд нутгийн иргэд ихэд жигшиж байгаа гэнэ.