Баянхонгор аймгийн Галуут, Баян-Овоо сумын хооронд татсан өндөр хүчдэлийн шугамын дагуу 50 орчим км газар зээрд шонхор, идлэг шонхор, элээ, хэрээ зэрэг 100 гаруй шувуу өнгөрсөн намар үхсэн байжээ. Шувуу ингэж олноороо үхсэн шалтгааныг өндөр хүчдэлд цохиулснаас болсон гэж үзэж байгаа юм. Нутгийн иргэд “Өнгөрсөн онд нийт 300 гаруй шувуу өндөр хүчдэлийн шугамаас болж хоргодсон. Эдгээр шувууны дийлэнх нь шонхор байсан. Цахилгааны шугамыг стандартын дагуу тавиагүй. Тиймээс хүчтэй салхи шуургатай үед болон бороо орсны дараа шувуу өндөр хүчдэлд цохиулан үхэж байна” хэмээн ярьдаг аж. Баянхонгор аймгийн Байгаль орчны газрын ахлах мэргэжилтэн О.Байгалмаа “Манай аймаг төрөл бүрийн шувуутай. Өмнөх жилүүдэд нэг, хоёр шувуу өндөр хүчдэлд цохиулж хоргодсон тохиолдол гарч байсан. Харин өнгөрсөн намар 150 орчим шувуу цахилгаанд цохиулж үхсэн. Манайхаас тухайн үед Эрчим хүчний яам болон Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд хүсэлт, мэдэгдэл явуулсан ч тодорхой хариу өгөөгүй. Мөн “Баян орд” уурхай руу татсан цахилгааны шугамын дагуу олон тооны шувуу цахилгаанд цохиулж үхсэн байсан. Тус уурхайд энэ талаар мэдэгдсэний дараа өндөр хүчдэлийн шугамдаа шувуу үргээгч, ойролцоох газарт шувууны суудал байрлуулсан” гэв.
Т.БОЛОР-ЭРДЭНЭ