УИХ-ын дарга З.Энхболд, МҮОНРТ-ийн ерөнхий захирал асан М.Наранбаатар хоёр бие биеэ шүүх, цагдаад өгч, шалгуулахаар болсноо олон нийтэд зарлаад буй. УИХ-ын даргыг удаа дараа гүтгэсэн гэдэг үндэслэлээр М.Наранбаатарыг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсээс шалгаж эхэлсэн. Харин З.Энхболд өөрийн эрх мэдэл, сүр хүчээ ашиглан чуулганы индэр дээрээс түүнийг элдвээр хэлснийх нь төлөө шүүхэд өгөөд байсан юм. Тэгвэл М.Наранбаатарын нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны I шүүхийн шүүгч хүлээж авахаас татгалзжээ. Энэ талаар М.Наранбаатараас тодрууллаа.
-Нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандсан таны нэхэмжлэлийг шүүх хүлээж аваагүй гэдэг үнэн үү. Ямар учраас тэр юм бол?
-Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны I шүүхийн шүүгч Б.Ундраагийн гарын үсэгтэй захирамжийг би даваа гаригт авлаа. Гэтэл түүнд миний нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан хариу байх юм. Уг захирамжид “Хариуцагчийн хаягийг Сүхбаатар дүүрэг, Төрийн ордон, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-1 хэмээн тусгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.3-д заасан шаардлагыг хангаагүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзав” гэсэн байна. Тэгэхээр би УИХ-ын дарга З.Энхболдыг шүүхэд хариуцагчаар татахын тулд Их тэнгэрийн аман дахь хаягаар нь хандах ёстой юм байх. Их тэнгэрийн аманд хэн дуртай нь очоод байдаг бил үү. Тэр тусмаа шүүхийн нэхэмжлэх бариад очвол хэн халгаах вэ дээ. Монгол Улсын иргэн М.Наранбаатар өөрийн нэр төр, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэхээр Монгол Улсын иргэн З.Энхболдыг шүүхэд хариуцагчаар татаж болохгүй гэж үү. Хэнийх нь нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаад, хэн нь гомдол гаргахаар яаралтай эрүүгийн хэрэг үүсгэн, бүр яллагдагчаар татдаг юм бол. Хууль яагаад иргэддээ адилхан үйлчилдэггүйг гайхаж байна.
-Таныг яллагдагчаар татаад байгаа юм уу?
-Тэгсэн. Нэгдүгээр сарын 6-нд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч анх намайг дуудаж уулзаад, дараахан нь эрүүгийн хэрэг үүсгэсэн. Харин уржигдар буюу даваа гаригт дахиж дуудахаар нь очтол яллагдагчаар татаж буйгаа хэлсэн.
Л.ГАНЧИМЭГ