Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийн талаар Шадар сайд У.Хүрэлсүх танилцуулсан юм.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгийн дуудлагын худалдаа явуулахдаа 30-аас доошгүй хоногийн өмнө нийтэд зарлан мэдээлдэг. Худалдах хөрөнгийн зарыг нийтэд заавал 30 хоногийн өмнө зарлах шаардагагүй гэж Засгийн газар үзэн дээрх хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан юм байна. Тиймээс “Дуудлагын худалдаа явуулах зар, мэдээг Төрийн өмчийн хороо энэхүү ажиллагааг явуулахаар товлосон өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө мэдээлнэ” гэж заасныг “Дуудлагын худалдаа явуулах зар, мэдээг Төрийн өмчийн хороо энэхүү ажиллагааг явуулахаар товлосон өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө мэдээлнэ” гэж өөрчлөхөөр төсөлд тусгажээ. Хуульд өөрчлөлт орсноор хугацаа алдалгүй төрийн өмчийг эзэнжүүлэх, ашиглалтыг сайжруулах, төсвийн дарамтыг багасгаж, төсвийн орлого бүрдүүлэлтэд зохих хувь нэмэр оруулна гэж үзэж буй юм байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 30 хоногийн хугацааг багасгаж буй нь өмч хувьчлалд оролцох гэж буй аж ахуйн нэгжүүдийг хугацаагаар хавчиж, шударга өрсөлдөөнийг хязгаарласан хэрэг болох биш үү хэмээн лавлаж байлаа. Ажлын хэсгээс хариулснаар, 30 хоногийг багасган 14 хоног гэж хатуу заагаагүй. 14-өөс доошгүй гэж заасан болохоор нийтэд сурталчлах боломж нь нээлттэй гэж үзэж байгаа юм байна. Шадар сайд У.Хүрэлсүх, Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар ярьсан. 30 хоногийн хугацаа урт байна. Түүнээс болоод ажил явуулахад хүндрэлтэй байна гэж үзсэн учир энэ төслийг хэлэлцүүлэх нь зүйтэй гэж тогтсон гэсэн тайлбарыг өгсөн юм. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Энэ төслийг эдийн засгийн хямралыг давах 100 хоногийн арга хэмжээний төлөвлөгөөний дагуу оруулж ирсэн. Хувьчлах хугацааг багасгаад өөрчлөлт гарахгүй. Тиймээс төслийг Засгийн газарт буцаах саналтай байна гэж хэлсэн. Ингээд төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн юм.