Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудал байв. Энэ хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх үеэр гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд энэ өдөр гишүүд байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Д.Зоригт, энэ хуулийн төсөл батлагдсанаар уул уурхайн салбарт ажиллаж буй компаниудын үйл ажиллагаа сайжирч, ард түмэн ч илүү ил тод мэдээлэлтэй болно хэмээсэн бол УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, С.Оюун нар, энэ салбарт хууль хангалттай бий. Одоо хуулиа хэрэгжүүлж, ажлаа хийх л хэрэгтэй гэсэн байр суурьтай байлаа. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэнээр энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө.