“Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, ажлын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, хойшид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт уулзалт ярилцлагыг БОНХАЖЯ-наас өнөөдөр зохион байгууллаа.
БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол уулзалт ярилцлагыг нээж хэлсэн үгэндээ сайдын ажлаа авсны дараахан мод ихтэй аймгууд болох Завхан, Архангайд ажиллахад асуудлууд хуримтлагдсан байгааг онцлов. Энэ үеэр тус яамны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Банзрагч уг асуудлаар мэдээлэл хийж, цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй зарим асуудлаар танилцуулсан юм. Тэрбээр хууль бус мод бэлтгэлтэй тэмцэхэд иргэд, ТББ-уудын оролцоог нэмэгдүүлэх, сумын сургууль, эмнэлэг зэрэг төрийн байгууллагуудыг мод хэрэглэдэггүй болгох буюу халаалтын системд холбох зэрэг ажлыг хийх шаардлагатайг онцоллоо. Мөн ойн нөхөрлөл, иргэдийн үүсгэл санаачилгаар байгуулагдсан байгууллагуудыг чадавхжуулахад анхаарна гэв. ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга Х.Буянтүмэн сүүлийн гурван жилд цагдаагийн байгууллага хууль бус мод бэлтгэлтэй холбоотой 684 гэмт хэргийг шалгасан. Үүнээс нийслэлд 90, орон нутагт 594 гэмт хэрэг бүртгэгдсэн гэдгийг мэдээлсэн юм. Мөн үеэр оролцогчдоос БОНХАЖ-ын сайдын албан даалгаврын төсөлд санал авсан юм. Уулзалт ярилцлагад МХЕГ, ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар, Монголын байгаль орчны иргэний зөвлөл, “Ой модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо”ТББ, “Монголын ойчдын нэгдсэн холбоо” ТББ болон иргэдийн төлөөлөл оролцов.