Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 3.1 тэрбум төгрөгийн өртөгөөр боссон эх хүүхдийн 50 ортой эмнэлгийн шинэ байрны нээлт өнөөдөр Сүхбаатар аймагт боллоо. 1942 онд Мандалын хийд гэдэг газар хоёр гэртэйгээр байгуулж байсан төрөх тасаг ийнхүү зориулалтын шинэ байртай болж байна. Ингэснээр эмч ажилчдад ажиллах таатай нөхцөл бүрдэж, хамгийн гол нь жирэмсэн эхчүүд болон шинээр мэндлэж буй хүүхдүүдэд таатай орчин бүрдэх юм. Нээлтэд зориулан Эрүүл мэнд, спортын яамнаас 10 гаруй сая төгрөгийн өртөг бүхий зүрхний бичлэгийн аппарат болон эх нярайн тусламж, үйлчилгээ үзүүлэх тоног төхөөрөмж өгчээ. Түүнчлэн улсын төсвийн хөрөнгө оруулалт болон аймгийн ЗДТГ, ИТХ-аас 20 сая төгрөг, Баруун-Урт сумын ЗДТГ, ИТХ-аас гал тогооны хэрэгслээр бүрэн хангасан аж. Тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт жилд 1000-1400 эх төрдөг байна. Монгол Улсын хэмжээнд гурван сая дахь иргэнээ хүлээж буй энэ цаг мөчтэй давхцан шинэ байрныхаа нээлтийг хийж байгаадаа нутгийн ард олон бэлэгшээж байв.
Тус эмнэлэг гурван давхар бөгөөд аймгийн Нэгдсэн эмнэлэгтэйгээ холбогдсон. нэгдүгээр давхарт амбултори болон хөдөө сумдын жирэмсэн эхчүүд байрлана. Хоёрдугаар давхарт жирэмсний эмгэгтэй эхчүүдийн тасаг, гуравдугаар давхарт төрөх болон нярайн тасаг байрлаж байгаа аж. Мөн 0 давхар /подволь/-т зургаан машины гражтайгаас гадна жирэмсэн эхчүүдийн дасгал хөдөлгөөний өрөө, үйлчилгээний заалыг тохижуулж өгчээ. Мөн тус эмнэлэг нь цахилгаан шаттай гэдгээрээ онцлог.