Нийслэлд бүртгэлтэй иргэдэд өнгөрсөн онд газар өмчлүүлэхдээ хүсэлтийг нь цахим хэлбэрээр хүлээн авсан. Үүний хоёр дахь ээлжийг энэ сарын 26-нд эхлүүлэхээр боллоо. Энэ удаад шинээр Сонгинохайрхан дүүргийн Эмээлт уулын баруун хоолой, Баянзүрх дүүргийн Улиастай дахь Их, Бага цуурайн ам, Багануур дүүргийн Тарианбулагийн II, Багахангай дүүргийн Хангайн хөндийн I хэсэг зэрэг таван байршилд нийт 12388 иргэнд газар өмчлүүлнэ. Мөн өмнөх таван байршлаас Сонгинохайрхан дүүргийн Соёондын ам, Багануур дүүргийн Тарианбулагийн I хэсэг, Багахангай дүүргийн Бор-Үзүүр гэсэн гурван байршилд нийт 1431 иргэнд цахим системээр газар өмчлүүлэх юм байна. Иргэдээс газар өмчлөх хүсэлтийг нь цахим системээр хүлээн авах ажиллагаа 26-наас эхлэн 15 хоног үргэлжилнэ.