Насанд хүрээгүй охидыг гадаадад биш, хөдөө орон нутагт аваачиж биеийг нь хүчээр үнэлүүлж байсан гэх хэрэгт холбогдсон Б.Баатарсүрэн, Д.Ганболд, Д.Эрдэнэчулуун нарт холбогдох хэргийг өчигдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд хаалттай хэлэлцлээ. Тэд 2013 оны арваннэгдүгээр сард Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хад сууринд байх “Цэцээ гүн” зочид буудалд 15-17 настай, А, Э, М, Л, С нарыг аваачсан аж. Дээрх охидыг Улаанбаатараас дагуулан явсан бөгөөд тус сууринд ирж нүүрс буулгадаг хятад, монгол жолооч нарт биеийг нь үнэлүүлж байсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон аж. Уг хэргийг үйлдсэн дээрх гурван хүний гэм буруутай эсэхийг хэлэлцээд охидыг хүчээр биеийг нь үнэлүүлж, бэлгийн мөлжлөгт оруулсан гэм буруутайд тооцсон байна. Б.Баатарсүрэнг гурван жил зургаан сар, Д.Ганболдыг гурван жил хорихоор болсон бол шүүгдэгч Д.Эрдэнэчулууныг 400 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэлээ.