Манай улсад нийгмийн даатгалд сайн дураараа даатгуулсан 160-аад мянга, албан журмаар даатгуулсан 850 мянга орчим хүн байна. Тэдний олонх нь идэвхтэй хөдөлмөр эрхлэх насныхан буюу залуус. Банкнаас зээл авах, гадаадын виз хөөцөлдөх үед нийгмийн даатгалын дэвтэр шалган, тухайн хүний орлогыг тодорхойлдог. Тиймээс авсан цалингаасаа нийгмийн даатгалын шимтгэлээ зөв бодуулж байх нь чухал. Өндөр насны тэтгэвэр тогтоолгоход үүнийг л харгалздаг. Тиймээс даатгуулагч иргэд өөрийнх нь нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь үнэн зөв төлж буй эсэхийг шалгаж мэдэж байх шаардлагатай. Тэгэхээр Нийгмийн даатгалын ерөнхий газраас иргэдэд нийгмийн даатгалаа шалгах гурван арга зөвлөж байна.
- Сар, эсвэл улирал бүр байгууллагынхаа нягтлан бодогчоос нийгмийн даатгалын дэвтрээ авч, бичилтийг зөв хийн, тамга даруулсан эсэхийг шалгах
- Нийгмийн даатгалын ерөнхий газрын www.ndaatgal.mn сайтын “Даатгуулагчийн цахим мэдээлэл” гэсэн хэсэгт бүртгүүлэн, хүссэн үедээ мэдээллээ шалга. Ингэхэд таны төлсөн нийгмийн даатгалын шимтгэл нийгмийн даатгалын таван санд хэрхэн хуваарилагдсаныг нарийвчлан харуулна.
- Мөн www.ndaatgal.mn цахим хуудасны “Шилэн данс” гэсэн тусгай цэсээс шалгах боломжтой. Регистрийн дугаараараа цахим санд нэвтэрч, нийгмийн даатгалын ямар үйлчилгээ авснаа шалгах боломжтой.