Нийслэлд бүртгэлтэй иргэдэд өнгөрсөн онд газар өмчлүүлэхдээ хүсэлтийг нь цахим хэлбэрээр хүлээн авсан. Үүнийг 2015 онд үргэлжлүүлэхээр боллоо. Энэ удаад шинээр Сонгинохайрхан дүүргийн Эмээлт уулын баруун хоолой, Баянзүрх дүүргийн Улиастай дахь Их, Бага цуурайн ам, Багануур дүүргийн Тарианбулагийн II, Багахангай дүүргийн Хангайн хөндийн I хэсэг зэрэг таван байршилд нийт 12388 иргэнд газар өмчлүүлнэ.
Мөн өмнөх таван байршлаас Сонгинохайрхан дүүргийн Соёондын ам, Багануур дүүргийн Тарианбулагийн I хэсэг, Багахангай дүүргийн Бор-Үзүүр гэсэн гурван байршилд нийт 1431 иргэнд цахим системээр газар өмчлүүлэх юм байна. Иргэдээс газар өмчлөх хүсэлтийг нь цахим системээр хүлээн авах ажиллагаа 26-наас эхлэн 15 хоног үргэлжилнэ.
Л.ГАНЧИМЭГ