Канадын Ванкуверт төвтэй “Prophecy Development” компани Сэлэнгэ аймагт оршдог Улаан-Овоогийн уурхайгаас нүүрс тээвэрлэх замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамаар батлуулсан тухайгаа өчигдөр мэдээллээ. Нүүрсний уурхайг Монгол, Оросын хилийн Зэлтэр боомттой хүнд даацын 17 км авто замаар холбохоор зэхэж байгаа аж. Зэлтэр боомтыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг “Prophecy Development” өнгөрсөн есдүгээр сард Боомтын нэгдсэн захиргаагаар батлуулсан юм.
Хилийн эл боомтоор дамжуулан нүүрсээ ОХУ руу экспортолсноор тээврийн зардлаа үлэмж хэмжээгээр бууруулаад зогсохгүй хойд хөршийн зах зээл дэх өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломжтой гэнэ. Одоогоор тус компани Улаан-Овоогийн уурхайд гаалийн хяналт, шалгалтын цэг байгуулахаар Гаалийн ерөнхий газарт хандаад байна.
Б.ЦЭЦЭГСҮРЭН