Монголын залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж өчигдөр “Parttime” хөдөлмөрийн яармаг зохион байгууллаа. Тус бирж цаг үеийн байдал, ажил олгогч, хайгчийн эрэлт, хэрэгцээнд тулгуурлаж хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр улиралд нэг удаа ийм үйл ажиллагаа явуулдаг. Энэ удаагийнх оюутнуудын улирлын амралттай таарч байгаагаараа, мөн ажил хийдэг ч амралтын өдөр болон оройн цагаар ажиллах сонирхолтой хүмүүст зориулснаараа онцлог гэнэ. Уг яармагт “Туушин” зочид буудал, “Тэсо корпорац”, “Номин холдинг”, “Скаймедиа”, “Хоме плаза”, “Сод Монгол” групп зэрэг 13 байгууллага оролцож, голдуу худалдаа, үйлчилгээний чиглэлийн ажил санал болгож байв. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд-залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын хөдөлмөр эрхлэлт хариуцсан нийгмийн ажилтан С.Эрдэнэтуяа ч мөн ажил хайн энд иржээ. Тэрбээр “Манай төвд хагас болон бүтэн өнчин 18-21 насны 40 гаруй залуус амьдардаг. Тэдний 32 нь сурдаг бол зургаа нь ажил хийж байна. Тэд сургалтын төлбөр, ойр зуурын хэрэглээгээ хангахын тулд ажилтай болох шаардлагатай ч ажил олгогч нар буух эзэнгүй, буцах хаяггүй гээд ажилд авахдаа дургүй, цааргалах хандлагатай. Би тэдэнд ажил олж өгөх, зуучлах зорилгоор энд ирсэн ч шаардлага өндөртэй юм байна. Тухайлбал, утастай, нөүтбүүктэй байх шаардлага тавьж байна.
Бид Залуучуудын хөдөлмөрийн төв биржтэй байнга хамтран ажилладаг. Тэд түргэн шуурхай үйлчилдэг” гэсэн бол иргэн Ц.Болд “Харуул юм уу, нарийн боовчны ажил хайж байгаа ч олсонгүй. Зарим байгууллагад заавал өөрөө очих шаардлагатай юм байна. Би мэргэжилгүй учраас ажил олдохгүй бололтой. Наад зах нь мэргэжлээрээ 2-3 жил ажилласан байх шаардлага тавих юм. Болж өгвөл байнгын, болохгүй бол цагийн ажил хиймээр байна” гэв. Хөдөлмөрийн яармаг өдөртөө дууссан ч тус биржид даваагаас баасан гаригийн 08.00-17.00 цагийн хооронд бүртгүүлэх боломжтой аж. Мөн олон нийтийн төсөл, хөтөлбөр, ажил хайгчид зориулсан сургалтад хамрагдаж болох гэнэ.
ЦАГИЙН АЖИЛ ХИЙХ ЭРХ ЗҮЙН ОРЧИН БҮРДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн дэд захирал Б.Билгүүтэйгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Танайх хэд дэх удаагаа хөдөлмөрийн яармаг зохион байгуулж байна вэ?
-Манайх 2013 оны зургадугаар сараас идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ удаагийнхыг оролцуулаад бие дааж долоо, хамтарч болон бусад байгууллагын 20 гаруй хөдөлмөрийн яармагт оролцож ажил олгогч, хайгчдыг зуучиллаа. Он гарснаас хойш манайх байнгын 400 орчим ажлын байр шинээр бүртгэсэн.
-Нийт хэчнээн хүнийг ажилтай болгосон бэ?
-Яг төдөн хүнийг ажилтай болгосон гэсэн тоо хэлэхэд хэцүү. Манайхаар үйлчлүүлж байгаа иргэдийн 60-75 хувь нь цагийн ажил хийх сонирхолтой оюутан, залуус байдаг. 2014 оны гуравдугаар сард зохион байгуулсан хөдөлмөрийн яармагаар л гэхэд 2500 орчим залуу байнгын болон цагийн ажил хайж бүртгүүлснээс 900-г нь цагийн, 100-г байнгын ажилд зуучилсан. 2014 оны байдлаар 9712 залуу ажил хайж бүртгүүлснээс 6000 орчмыг нь цагийн ажилд, үлдсэнийг нь байнгын ажилд зуучиллаа. Чухам хэд нь одоо ажиллаж байгааг хэлэхэд төвөгтэй. 1000 орчим хүнийг ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хөдөлмөрт бэлтгэх гэх мэтчилэн сургалт хөтөлбөрт хамруулсан. 8148 ажил хайгчид зуучлалын үйлчилгээ үзүүлсэн.
-Танайд ажил олгогч болон хайгчдаас гомдол хэр ирдэг вэ. Голдуу ямар гомдол байдаг вэ?
-Гомдол ирвэл аль болох шийдэхийг хичээдэг. Ажилд зуучлуулсан хүмүүс ихэвчлэн “Цалингаа өгөхгүй, эсвэл дутуу өгсөн. Мөн шимтгэл авч, эрх, үүргийг нь зөрчдөг. Дадлага, туршилтын хугацаанд ажиллуулж, шалгаж байна гээд цалин өгөлгүй халдаг” гэж гомдол гаргадаг. Бид ажил олгогчоос найдвартай ажлын байрны захиалга авахыг хичээж байна. Нөгөө талаас залуус хэд хоног ажиллаж байгаад хэл сураггүй алга болдог тал бий гэв. Оюутан, залуучууд цагийн ажил хийх сонирхолтой байдаг ч манайд хөдөлмөрийн хөлсийг нь тогтоосон хууль эрх зүйн орчин байдаггүй. Иймээс ажил олгогч дур мэдэн үнэ тогтоодог. Цагийн хөлс хамгийн багадаа 1000-1500 төгрөг байдаг бол ихдээ 20.000 төгрөгт хүрдэг гэнэ. Гэхдээ энэ нь маш цөөн. Цагийн ажлын эрэлт болон гарч байгаа зөрчлүүдээс манайд энэ чиглэлийн хууль, эрх зүйн орчин зайлшгүй шаардлагатай байгааг харж болно.
Э.ЭРДЭНЭ