“Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, хойшид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр БОНХАЖЯ-наас зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт БОНХАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын албаны дарга Ч.Банзрагч, МХЕГ-ын Байгаль орчны улсын ахлах байцаагч Ч.Нямдаваа, Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар, Монголын байгаль орчны иргэний зөвлөл болон иргэдийн төлөөлөл оролцсон юм. Хэлэлцүүлгийг нээж БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол “Орон нутагт Ойн модны тухай хуулийн хэрэгжилт тааруу байна. Ой модтой холбоотой асуудлыг сонсох, тулж харьцахын хооронд асар их ялгаа бий. Хууль бус мод бэлтгэлийн асуудлыг ярианы сэдэв төдийхнөөр орхих бус гарц шийдлийг нь хамтдаа олохын тулд та бүхнийг урилаа” гэв. БОНХАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын албаны дарга Ч.Банзрагч хууль бус мод бэлтгэлтэй тэмцэхэд иргэд, ТББ-уудын оролцоог нэмэгдүүлэх, иргэдийнхээ модны хэрэгцээг хангахын төлөө нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, сумын сургууль, эмнэлэг зэрэг төрийн байгууллагыг мод хэрэглэгдэггүй болгох буюу халаалтын системд холбох шаардлагатайг онцолсон юм.
Харин ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга Х.Буянтүмэнгийн мэдээлснээр сүүлийн гурван жилд цагдаагийн байгууллага хууль бус мод бэлтгэлтэй холбоотой 684 гэмт хэрэг шалгажээ. Ер нь байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийн 71.3 хувийг Ойн тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг эзэлдэг байна. Хэлэлцүүлгийн төгсгөлд БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол “Хууль бус мод бэлтгэл сүлжээний бизнес болтлоо өргөжсөн байна. Түүнчлэн зарим газарт хууль бусаар мод бэлтгэгчдийг илчилсэн хүн хохирсон тохиолдол гарч байгаа. Энэ асуудлыг шийдэхийн тулд тэдэнд орлогын 70 хувийг өгч, үлдсэнийг нь үйл ажиллагаанд зарцуулдаг байх хуулийн төсөл санаачилж өргөн барихаар болсон” гэв. Тэрбээр аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, аймгийн Байгаль орчны газрууд, төрийн бусад байгууллага, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудад хандсан албан даалгавар гаргахаар шийдвэрлэв.
Э.НЯМДУЛАМ