Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Баянзүрх дүүргийн өрхийн эмч нарт “Тэмбүү өвчний оношилгоо, эмчилгээг жирэмсний хяналттай уялдуулах нь” сэдэвт гурван өдрийн сургалт зохион байгууллаа.
Тус сургалт нь зөвхөн жирэмсэн эмэгтэйчүүд биш тэдний бэлгийн хавьтагсдын дунд тэмбүү өвчнийг илрүүлэх, эмчлэх, тусламж үзүүлэх, тэдэнд зөвлөгөө өгөх, урьдчилан сэргийлэх, эмч нарын мэдлэг, ур чадварыг сайжруулах зорилготой.
Сүүлийн үед бэлгийн замаар дамжих халдвар нэмэгдэж, нийт халдварт өвчний дотор 43 хувийг эзэлж байгаа аж. Тэмбүүгийн өвчлөл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 417 тохиолдол буюу 12,4 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Төрөлхийн тэмбүү өвчнийг жирэмсний хяналттай уялдуулах, сэргийлэх зорилгоор 2008-2013 онд “Нэг цэгийн үйлчилгээ” төсөл зургаан дүүрэгт хэрэгжсэн. 2013 онд бүртгэгдсэн тэмбүүгийн өвчлөлийн 33 хувийг жирэмсэн эмэгтэйчүүд эзэлж байсан нь өмнөх оноос 5 хувиар буурсан хэдий ч анхаарал татсан асуудал хэвээр байгаа юм. Иймээс энэ онд СХД, БЗД-т тус төсөл үргэлжлэх юм байна.
Сургалтад Баянзүрх дүүргийн 31 өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар, дүүргийн ЭМТ-ийн нөхөн үржихүйн болон БЗДХ-ын кабинетын эмч нарыг хамруулжээ.