Уруул тагнайн төрөлхийн эмгэгтэй хүүхэд төрөх тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдэж, 1000 төрөлт тутамд нэг ногдож байгаа судалгаа гарсан байдаг. Ийм эмгэгтэй хүүхдэд туслах, тэднийг Эх нялхасын эрүүл мэндийн Үндэсний төвийн Эрүү нүүрний мэс заслын тасгийн уруул тагнайн төрөлхийн эмгэгийн эмчилгээний багтай холбож өгөхийн тулд сайн дураар ажиллаж байгаа нэгэн бүсгүйтэй уулзлаа. Тэрээр Дундговь аймгийн Сайнцагаан сумын зургаадугаар багийн иргэн бөгөөд Өнгөрсөн оны эхнээс сайн дурын зохицуулагчаар ажиллаж байна.
Иргэн Г. Жавзандолгор ярихдаа “Хүү маань уруул тагнайн төрөлхийн эмгэгтэй төрсөн. 2013 оны намар Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн эмч нар Дундговь аймагт ирж уруул тагнайн эмгэгтэй хүүхдэд мэс засал хийх үеэр хүүгээ эмчлүүлж, цаашид ийм эмгэгтэй хүүхдийг эмч нарын багтай холбож өгөх сайн дурын зохицуулагчаар ажиллах саналыг хүлээн авсан” гэлээ.
Өнгөрсөн онд аймгийн Нэгдсэн эмнэлэгийн төрөх тасагт уруул тагнайн эмгэгтэй зургаан хүүхэд төрснийг олж, эцэг эхчүүдтэй уулзаж мэдээлэл өгснөөр тэднийг Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвийн эмч нартай тэрээр холбож өгсөн байна.
“Миний үүрэг бол эцэг эхчүүд хүүхдээ аваад хотод очлоо гэхэд хаана хэнд хандахаа мэдэхгүй цаг алдаж, явдал чирэгдэл чамгүй үүсдэгийг хөнгөлж, эмч нарт үзүүлэх цагийг урьдчилан авч, ор захиалж өгөх зэргээр эмч нартай холбох явдал” гэж Г. Жавзандолгор ярьсан юм. Одоо тэрээр аймгийн төв болон хөдөөгийн сумдад уруул тагнайн эмгэгтэй, эмчлүүлж чадаагүй яваа хичнээн хүүхэд байгааг олж холбоо тогтоохоор ажиллаж байгаа гэлээ.
Түүний сайн дурын энэ ажлыг дэмжиж Сайнцагаан сумын ЗДТГ цагдаагийн кабоныхоо дэргэд өрөө гаргаж өгсөн бөгөөд аймгийн ЗДТГширээ сандлаас эхлээд хэрэгцээтэй материалаг зүйлээр туслахаа хэлсэн байна
Хэдийгээр цалин мөнгө авдаггүй ч гэлээ уруул тагнайн эмгэгтэй хүүхэд төрүүлсэн эцэг эхийн зовлонг ойлгож мэдэрч яваа хүний хувьд олон хүнд туслахыг хүсч байгаагаа энэ бүсгүй хэлж байна.