Хятадын Тяньжин хотноо өчигдөр шөнө 11.30 цагийн орчимд хоёр ч удаа дэлбэрэлт болсны улмаас 17 хүн нас барж, 400 гаруй хүн бэртэж гэмтээд байна хэмээн “Синьхуа” агентлаг мэдээллээ. Эх сурвалжууд нас барсан хүмүүсийн гурав нь гал унтраагч байсан хэмээж буй.
CCTV-гийн мэдээлснээр дэлбэрэлт ачаа тээврийн хэсэгт болсон бөгөөд дэлбэрэлт болсон газраас хэдэн километрийн алсад байгаа газруудад ч мэдрэгдсэн байна. Эхний удаа 3 тонн тротил хэмээх шатамхай бодис дэлбэрсэн бол 30 секундын дараа болсон хоёр дахь дэлбэрэлтийн үеэр 21 тонн шатсан байна.
Тяньжинд багшилдаг Канад бүсгүй Моника Эндрьюс BBC-д өгсөн ярилцлагадаа “Цонхоор хартал тэнгэр бүхэлдээ улаан болчихсон байсан. Тухайн үед хоёр дахь дэлбэрэлт болоод удаагүй байсан юм билээ. Би эхэндээ газар хөдөлж байна л гэж бодсон. Манай байрны оршин суугчид ч мөн л газар хөдөлж байна гэж бодсон учир бүгд байрнаасаа гарсан” гэжээ.
Хүчтэй дэлбэрэлтийн улмаас ойролцоох байрнуудын шил хагарч, хүмүүсийн олонх нь хагархай шил, чулуунд оногдож бэртсэн хэмээн “Синьхуа” мэдээлж байна.
Галыг унтраахаар 10 гаруй гал сөнөөгч машин ажилласан байна.
Тяньжинд өдгөө 15 сая гаруй хүн ажиллаж, амьдарч байгаа бөгөөд Хятадын хамгийн том боомт хот хэмээгддэг. Жилийн өмнө тус хотын автомашины эд анги хийдэг үйлдвэрт дэлбэрэлт болсны улмаас 75 хүн нас барж байжээ.