13 сая ОХУ-ын сансрын агентлаг “Роскосмос” олон удаа ашиглах пуужин тээвэрлэгч бүтээхээр бэлтгэж байгаа бөгөөд ирэх 10 жилийн дотор ажил хэрэг болгох эл төсөлд эхний ээлжинд 13 сая рубль шаардлагатай гэсэн тооцоо гаргасан байна.

125 “American аirlines” компани тэжээвэр амьтдыг нэгдүгээр зэрэглэлийн ангиллаар зорчуулахыг зөвшөөрсөн шийдвэр гаргаж, нохой, муурт зориулсан тусгай салон гаргаж, тохижуулсан бөгөөд амьтны овроос үл шалтгаалан 125 ам.доллар байх талаараа мэдээлжээ.

18 Ирэх сарын эхэнд болох “Нью-Йоркийн загварын долоо хоног” шоунд Дауны хам шинжтэй, 18 настай загвар өмсөгч Мэделин Стюарт оролцох болсныг тус арга хэмжээний зар сурталчилгаагаар түгээсэн нь борлуулалт огцом өсөхөд хүргэжээ.

18.500 Ийм олон хүн Копенгагены гудамжуудад цувран зогсоод зураг зурсан нь “Олон өнгийн шохойгоор засмал зам дээр зурсан хамгийн урт бүтээл” гэсэн ангиллаар Гиннесийн номд бүртгэгдэх болзол хангажээ. Зургийн талбайн хэмжээ нь 18.500 ам метр аж.

7 Америкийн фермер Дон Жаквиш эхнэрийнхээ дурсгалд зориулан долоон км урт, 162 га талбайд наранцэцэг тарьжээ. Өнгөрсөн жил бурхан болсон хань нь цэцгийн дэлгүүртэй болохыг хүсдэг байсан учраас ийнхүү дурсан таван айлын талбайг хамарсан өргөн газарт наранцэцэг тариалснаар тэнгэрт байгаа эхнэрт нь харагдана гэж тэрбээр итгэжээ.

80 Оросын “Земля леопарда” үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Хятадын амьтан судлаачдын хамтарсан багийнхан Алтайн хязгаар нутгаар суурьшсан ирвэс буюу цоохор ирвэсийг тоолжээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд тус бүс нутгийн ирвэсүүд 10-аад төлөөр бүл нэмж, 80 болж, өссөн аж.

84 Огайогийн их сургуулийн эрдэмтэд Рене Анандаар ахлуулсан багийнхан хүн ба сармагчны тархины хөгжлийн явцын ялгааг харуулах зорилгоор таван долоо хоногтой ургийн тархины генийн бүтцийг 99 хувь хуулбарлан бүтээсэн тархийг лабораторид ургуулах туршилт хийсэн нь амжилттай болжээ. Туршилтын 12 долоо хоног буюу 84 өдөр үргэлжлүүлэхэд “хуулбарласан тархи” хөгжиж, хэвлий дэх ургийнхтай адил хэмжээнд өсөж байгаа нь анагаахын шинжлэх ухаанд том нээлт болжээ.

30 Хятадад хөлбөмбөгийн 30 талбайтай тэнцэх хэмжээний өргөн бүс газарт огторгуйн уудмаас илгээсэн дуу чимээ, сансрын орон зайн бүтэц, цацрагийн хүрээ зэргийг хүлээн авч, дүн шинжилгээ, харьцуулалт хийх асар их хүчин чадалтай төхөөрөмж бүхий бүхэл бүтэн цогцолбор байгуулж буй нь одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд анхны аж.
