Солонгосын хойгийн цэрэггүй бүсэд эхэлсэн Умард, Өмнөд Солонгосын хэлэлцээ 43 цаг үргэлжлээд өндөрлөв. Яриа хэлэлцээ болж байхад солонгосчууд хоёр талаасаа цэрэг, зэвсгийн хүчин чадлаа харуулахыг зорьж, Америкийн стратегийн зэвсгийг авчрахаа ч мэдэгдээд авсан. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудлаарх зөвлөх Ким Гван Чин ухуулга хийж байсан чанга яригчийг мягмар гаригийн 12.00 цагт зогсооно гэж мэдээлж байв. Умард Солонгос ч өөрийн зэвсэгт хүчний байлдааны бэлэн байдлыг цуцлахаа удирдагч Ким Жөн Ун нь өөрөө мэдэгдсэн юм.Хоёр Солонгос энэ хойгт түгшүүртэй байдлыг намжаах яриа хэлэлцээ шинээр хийхээр болжээ. Түүнийг Сөүл, Пхеньяны алинд нь ч хийх боломжтой аж. Хоёр тал хамтарч мэдэгдэл гаргасан байна.