Чөлөөлөх дайны ялалтад зориулж ирэх сарын 3-нд Бээжинд зохион байгуулах арга хэмжээнд оролцохыг Хятадын удирдлага урьсанд Япон, Умард Солонгосын тал татгалзсан хариу өгчээ. Японы Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Есихидэ Суга хэвлэлийн бага хурал дээр тайлбар хийхдээ “Ерөнхий сайд Шинзо Абэгийн ажлын хуваарь их шахуу байгаа тул...” гэж хэлсэн байна. Тийм болохоор ноён Абэ, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр Бээжинд уулзах болов уу гэж таамаглаж байсан нь талаар болох нь.
Дэлхийн II дайны Дорно зүгт болсон төгсгөлийг Хятадад “Японы түрэмгийллийн эсрэг дайн” гэж нэрлээд байгаа. Хятад улс өөрийн ялалтыг Зүүн болон Өмнөд Хятадын тэнгис рүү чиглүүлэхийг хичээж байна гэж Япон, АНУ-ын төлөөлөгчид нэг бус удаа хэлж байсан юм. Тийм болохоор баярын парадын үеэр Ерөнхий сайдаа ирүүлэхгүй гэсэн Японы шийдвэр цочир хүлээж авах мэдээлэл биш байв. Албан ёсны тайлбараар бол “парламентад бий болсон нөхцөл байдлаас” уг шийдвэр шалтгаалсан мэт байгаа. Аливаа цэрэг дайны асуудлыг үгүйсгэсэн Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах нь чухал болоход парламентын Дээд танхимаа итгүүлэхийг Абэ чармайж байгаа аж. Төлөвлөсөн өөрчлөлтүүдийг оруулчих юм бол Япон улс өөрийгөө илүү сайн хамгаалах боломжтой болно гэж Абэ үзэж буй ч энэ асуудалд хүн амынх нь гаргаж буй хандлага Ерөнхий сайдын чансааг 35 хувь хүртэл доошлуулж байгаа юм. Түүнээс гадна баяр тэмдэглэхэд оролцохоос Япон татгалзаж буй өөр нэг шалтгаан нь энэ арга хэмжээг “Ялалтын баяр” гэхээсээ илүү НҮБ-ын санал болгосончлон амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ёслол байлгах нь зүйтэй гэж үзэж буй аж. Дайны дараах Японы бүх удирдлага түүний дотор Шинзо Абэ ч дайн аймшигтайг үгүйсгэдэггүй, ийм явдал давтагдах ёсгүй гэж үздэг ч түүнд ямар ч хамааралгүй өнөө үеийн япончууд мөнхөд гэмшиж явах ёсгүй гэж үздэг юм байна. Япон, Оросын дээд хэмжээний уулзалт энэ удаа болохгүй ч Оростой хийх яриа хөөрөөг тасалдуулахгүй байх нь зүйтэй гэж үздэгээ Абэ саяны даваа гаригт парламентын Дээд танхимын Төсвийн бодлогын хорооны хуралдаан дээр мэдэгдсэн байна. Харин Хятадын уламжлалт холбоотон Умард Солонгосын залуу удирдагч Ким Жөн Ун Бээжинд очихоо больсныг нь уг арга хэмжээнд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч хатагтай Пак Гын Хе оролцох гэж буйтай холбоотой гэж шинжээчид холбож үзэж байна. Дорно дахин судлаач Оросын эрдэмтэн Андрей Ланьковын бодлоор бол Ким Жөн Уны шалтгаан арай л гүнзгий углуургатай бололтой. “Бээжин нь Пхеньяны худалдааны гол түнш, эдийн засгийн тусламжийн эх сурвалж мөн ч Хятад, Умард Солонгосын харилцаа сүүлийн үед эрс хүйтэрч буй. Ким Жөн Ун засгийн эрхэнд ирснээсээ хойш улс нь Хятадаас ихээхэн хамааралтай байгаад дүгнэлт хийж, Хятадтай тогтоосон харилцаагаа Оросоор солих гэж оролдсон ч олигтой юм болоогүй. Умард Солонгос, манай хоёрын бараа эргэлт Хятадынхаас 70 дахин бага байгаа. Ким эрх мэдэлтэй болсноосоо хойших гурван жил гаруйн хугацаанд гадаад орны нэг ч удирдагчтай, тэр ч бүү хэл Монгол Улсын Ерөнхийлөгчийг Пхеньянд очиход нь ч уулзаагүй” гэж Андрей Ланьков мэдэгдсэн байна. Ройтерс мэдээлснээр бол Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийг Хятадад очуулахгүй гэж АНУ-ын тал удаан хугацаанд оролджээ.
Азийн бүс нутгийн асуудлаар Барак Обамад зөвлөдөг Эван Медейросын хэлснээс үзвэл Хятадтай хийдэг Өмнөд Солонгосын бараа эргэлт Япон, Америк хоёрынхыг нийлүүлснээс илүү гардаг байна. Хятадтай зөрчилдсөн тохиолдолд АНУ өөрийг нь хамгаална гэдэгт Өмнөд Солонгосын дээд зиндааныхан ихээхэн эргэлздэг гэж мөнөөх Андрей Ланьков тэмдэглэсэн байх юм. Олон улсын харилцааны асуудал эрхэлсэн сайд, генерал Вижай Кумар Сингхийн тэргүүлсэн доод түвшний төлөөлөгчдийг Бээжин рүү явуулахаа Энэтхэг нэгэнт зарлаад буй. Орост тавдугаар сарын 9-нд болсон парадад Энэтхэгээс Ерөнхий сайд Нарендра Моди нь оролцсоныг бид мэднэ. Хятадад Энэтхэг ийн хандаж буй нь Японтой тогтоосон харилцаандаа сэв суулгахгүйг хичээж буйгаас нь үүдэлтэй бололтой. Чех, Серб, Египет, Монгол, Мексик болон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн Орос, Казахстан, Киргиз, Узбекийн удирдагчид өөрийн биеэр Бээжинд очихоо одоогоор илэрхийлээд байна. Түүгээр ч барахгүй баярын парадад Казахстан, Киргиз, Монгол, Мексик, Тажикистан, Оросын цэргүүд оролцох юм.