Гондурас улсад 16 настай Нейси Перез гэдэг охин оршуулснаас хойш нэг хоногийн дараа ухаан орсон ч түүнийг авснаас гаргаж авч амжаагүй байтал амьсгал хураажээ. Тэрбээр жирэмслээд гурван сар болж байхдаа Ла Энтрада хотод байх гэрийнхээ ойролцоо буу дуугарахыг сонсоод ухаан алдсан аж. Түүний амнаас хөөс сахарч байхад эцэг, эх нь анзаарч, дайрлагад өртлөө гэж үзээд лам залсан байна. Гэвч охины бие амьдын шинжээ улам бүр алдсан тул эмнэлэгт аваачихад “үхсэн” гэж эмч нар оношилжээ. Тэгээд охин хэдэн сарын өмнө нөхөрт очсон байсан учраас хуримын хувцастай нь оршуулсан байна. Маргааш нь түүний нөхөр Руди Гонзалес шарил дээр нь ирсэн чинь тэр дор хүн хашгирах, юм цохих чимээ сонсогдов гэнэ. Шарилыг ухаж, авсыг нээвэл Перез амьгүй байж. Гэхдээ түүнийг амьдаар нь авсалсныг гар дээр нь байх шарх нотолсон байна. Охин өндийх, авснаас гарах гэж оролдохдоо гараа урсан гэж үзжээ. Түүгээр ч барахгүй эцэг, эхийнх нь хэлснээс үзвэл охины бие бүлээн байсан тул эмнэлэгт дахин аваачсан ч тусыг эс олжээ.