Бээжинд болж буй хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож зээрэнцэг шидэх төрлөөр алтан медаль авсан польш эр Павел Файдек такси хөлсөлж давхиад мөнгөний оронд медалиа өгчихсөн гэнэ. Хуулийн байгууллагынхан мөнөөх таксины жолоочийг олж магадалтал Файдек тухайн үед их согтуу байсан гэж хэлсэн байна.Польшийн уг тамирчин энэ сарын 23-нд зээрэнцгийг 80.88 метр хол шиджээ. Мань эр согтуудаа дээрх “хэргийг” үйлдчихээд “Медалиа яаснаа санахгүй байна” хэмээн маргааш нь цагдаа нарт хандсан аж. 26 настай Файдек дэлхийн хоёр удаагийн аварга, Европын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальтай юм байна.Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 22-30-нд Бээжин хотноо болж буй юм.