Америкийн Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас тавьсан хоригт нэр нь орчихсон Оросын Холбооны Зөвлөлийн тэргүүн Валентина Матвиенкод нэвтрэх зөвшөөрөл олгохдоо Америкийн тал хэд хэдэн хязгаар тогтоожээ. НҮБ-ын шугамаар болох нэгэн уулзалтад Матвиенко оролцох болсон байна.Америкийн талын өгсөн зөвшөөрлөөр бол Оросын Парламентын Дээд танхимын дарга Нью-Йоркод энэ сарын 29-31-нд гурав л хонох бөгөөд энэ хугацаандаа НҮБ-ын төв байр байдаг Манхэттенээс 25 км-ээс илүү холдож болохгүй аж.НҮБ-ын ивээл дор болох Парламент хоорондын уулзалтад Оросын төлөөлөгчдийг “саадгүй, бүрэн хэмжээгээр” оролцуулах тохиолдолд л Матвиенко АНУ-д очиж болох юм гэж Холбооны зөвлөл үзэж буй юм байна. Зөвшөөрөл өгч буй тал бол Матвиенког “НҮБ-ын төлөөлөгчидтэй уулзаж болно харин Парламент хоорондын холбооны чуулга дээр үг хэлж, түүний ажилд оролцож болохгүй” гэсэн шаардлага тавьжээ. Ийм нөхцөлд Оросын Холбооны зөвлөлийн дарга АНУ руу явахаа болих нь зүйтэй гэж үзэж буй бололтой. АНУ-ын тавьсан хоригт Валентина Матвиенкогоос гадна тус Зөвлөлийн орлогч дарга Евгений Бушлин, Сенатор Андрей Клишас, Виктор Озеров, Олег Пантелеев, Николай Рыжков, Владимир Жабаров, Александр Тотонов нарын нэр орсон байдаг аж.